Карт

Монголчууд олимпод

2008 он БЭЭЖИН олимпод Монголчууд

2008 он БЭЭЖИН олимпод Монголчууд

Монголчууд анх удаа олимпын аваргатай болж, цэнгэлийн манлайд хүрсэн наадам бол Бээжин-2008. Зуны олимпын 29 дахь тоглолтод 204 орны 10942 тамирчин 302 багц медалийн төлөө өрсөлдөхөд Монгол улсыг төлөөлж бокс, буудлага, жүдо, усанд сэлэлт, хөнгөн атлетик, хүндийг өргөлт, чөлөөт бөхийн төрөлд эрэгтэй 15, эмэгтэй 14 тамирчин оролцсон. Олимпын нээлтийн ёслолд Монгол улсын тугийг жүдо бөхийн тамирчин Махгалын Баяржавхлан өргөсөн юм.


1968 оны олимпоос анхны олимпын медальтантай болсон Монголчууд, хөрш зэргэлдээ улсад болсон их наадмаас алтан медалийг хүлээж суусан. Улсдаа 4 олимпийн медалийг авчраад байсан жүдо бөхийн тамирчдаас Бээжингийн олимпод  эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд Хашбаатарын Цагаанбаатар, 73 кг-д Гантөмөрийн Дашдаваа, 81 кг-д Дамдинсүрэнгийн Нямхүү, 100 кг-д Найдангийн Түвшинбаяр, +100 кг-д Махгалын Баяржавхлан, эмэгтэйчүүдийн 52 кг-д Мөнхбаатарын Бундмаа, 57 кг-д Хишигбатын Эрдэнэт-Од, 63 кг-д Түмэн-Одын Баттөгс, 78 кг-д Пүрэвжаргалын Лхамдэгд, +78 кг-д Доржготовын Цэрэнханд нар зодоглож, 100 кг-д Түвшинбаяр Япон, Венесуэл, Герман, БНСУ, Азербажейний бөхчүүдийг дараалан ялж, алтан медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Казахстаны Асахат Житкиевийг  ялснаар Токиогийн наадмаас Бээжин хүртэл зуны 11 олимпоос Монголчуудын хүсэн хүлээсэн олимпын аварга хэмээх эрхэм хүндтэй цолыг авчирсан. Энэхүү олимпийн алтан медаль нь спортоор хүн төрөлхтөн нэгдэн нийлж болдогийн тод томруун жишээ болж, Монгол даяараа медалийн баяраа тэмдэглэж, Түвшинбаяр 24 насандаа Монголын олимпын түүхийн анхдагчдын нэрс дунд тодоор бичигдэн үлдсэн. Жүдочдоос Нямхүү, Цэрэнханд нар шагналт 5-р байр, Лхамдэгд 7-р байрыг мөн эзэлсэн.


Бээжингийн олимпийн наадамд боксын тамирчид мөн супер байсан. Манай улсын ширэн бээлийтнүүдээс 48 кг-д Пүрэвдоржийн Сэрдамба, 54 кг-д Энхбатын Бадар-Ууган, 57 кг-д Зоригтбаатарын Энхзориг, 63,5 кг-д Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ нар өрсөлдсөн. 48 кг-ийн жинд Сэрдамба Цганда, АНУ, Тайланд, Куба улсын боксчдыг буулган авч, шийдвэрлэх тоглолтонд эзэн орон буюу БНХАУ-ын тамирчин Зоу Шимингтэй учраа тааран ялагдснаар мөнгөн медалийн эзэн болсон. Энэ нь Монголын олимпын түүхэн дэх боксын анхны мөнгөн медаль байлаа.

Боксчидын амжилт Бээжинд үүгээр дуусаагүй, 2008 онд Монголчууд олимпын хоёр аваргатай болсон.  54 кг-д Монгол улсыг төлөөлсөн Бадар-Ууган Мексик, Ирланд, Ботсвана, Молдав улсын тамирчдыг илүүрхэж, аваргын төлөө Кубын боксчин Янкел Леоныг буулган авснаар олимпын аварга болж, Монголчууддаа баяр дээр дахин маш том бэлгийг барьсан билээ. Энэхүү алтан медаль нь Монголчуудын олимпын хоёр дахь алтан медаль, боксын спортын анхны алт, 4 дэх боксын медаль болсон юм. Ийнхүү 4 ширэн бээлийтнүүд Бээжингийн рингнээ өрсөлдөж, хоёр нь алт, мөнгөн медаль хүртээд зогсохгүй Мөнх-Эрдэнэ шагналт 5-р байрыг эзлэж бахдам амжилтыг боксчид үзүүллээ.


Зуны 29 дахь тоглолтын буудлага спортын 10 м-ийн хийн гар бууны дасгалд Зоригтын Батхуяг 22, Отрядын Гүндэгмаа 12, Цогбадрахын Мөнхзул 8-р байр эзэлсэн бол 50 м-ийн урт бууны дасгалд Батхуяг 33-р байр, 25 м-ийн гар бууны төрөлд Мөнхзул 12-р байр, Гүндэгмаа 2-р байр эзэлж мөнгөн медаль хүртсэн. Энэ л олимпын Монголчууд бид олимпын алдартнуудаа өлгийдөн авч, баяр хөөрийн дээдийг мэдэрсэн. Гүндэгмаагийн мөнгөн медаль буудлага спортын төрөл дэх Монголын хоёр дахь медаль, анхны мөнгөн медаль байлаа. 1996,2000 оны олимпуудад оролцож 2004 онд буудлагаас ганцаараа Монгол улсаа төлөөлөн олимпод өрсөлдсөн Гүндэгмаа дөрөв дэх олимпдоо оролцож 30 насандаа ийнхүү олимпын медальтан болсон юм. 
Чөлөөт бөхийн төрөлд Бээжинд эрэгтэйчүүдийн 55 кг-д Баяраагийн Наранбаатар, 66 кг-д Буянжавын Батзориг, 84 кг-д Чагнаадоржийн Ганзориг, эмэгтэйчүүдийн 48 кг-п Цогтбазарын Энхжаргал, 55 кг-д Найдангийн Отгонжаргал, 63 кг-д Бадрахын Одончимэг нар хүч үзсэн бол хүндийг өргөлтийн төрөлд хоёр дахь олимпдоо оролцсон Намхайдоржийн Баярмаа жин өгсөж 63 кг-д оролцож, өмнөх амжилтаа ахиулж, 10-р байрт шалгарсан юм.
Бээжингийн олимпын наадмын хөнгөн атлетикийн төрөлд эрэгтэй марафон гүйлтийн төрөлд хоёр дахь олимпдоо оролцсон Бат-Очирын Сэр-од өмнөх олимпод 75-р байрт эрэмблэгдсэн амжилтаа ахиуйлж 52-р байр, эмэгтэйчүүдийн 400 м-ийн гүйтийн төрөлд Батгэрэлийн Мөнгөнтуяа оролцсон юм. 
Ийнхүү хоёр алтан медаль, хоёр мөнгөн медаль болон шагналт байруудын амжилтаараа Монголчууд Бээжин-2008 зуны олимпын наадамд 204 орноос 31-р байр эзэллээ.


 

ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ