Саяхан NBA-н зүгээс цоо шинэ Бүх-Ододын тоглолтын форматаа шинэчилсэн талаараа нийтэд албан ёсоор зарласан билээ. Энэ тухай 20 удаагийн All-Star гараанд сонгогдсон Леброн Жеймсээс асуухад:
Леброн Жеймс: "Гурвын шидэлтийн оролдлого эрс ихэссэнд харамсаж байна"
12 сарын 20
"Мэдээж энэ тал дээр тэд засаж сайжруулах ёстой гэдэг нь ойлгомжтой байсан. Сүүлийн хоёр, гурван жилийн Бүх-Оддын тоглолтууд тийм ч гайхалтай байж чадаагүй. Гэхдээ үүнээс чухал ярилцаж шийдвэрт хүрэх ёстой нэг асуудал бол бидний өдөр тутмын тоглолтын ерөнхий арга барил. Бид хараал идсэн хэтэрхий их алсын зайнаас шидэж байна. Энэ нь миний бодлоор Бүх-Оддын асуудлаас илүү чухал гэж бодож байна."
NBA-н зүгээс сүүлийн жилүүдэд гурвын шидэлтийн оролдлогыг түлхүү дэмжих болсон: Багууд 2024-25 оны улиралд дунджаар нэг тоглолтод 37.5 удаа алсын зайнаас шидэх оролдлого хийж байгаа бол 10 жилийн өмнө 2014-15 улиралд 22.4 байсан байна. Бүхэл бүтэн 15 удаагийн оролдлогоор илүү нэмэгдсэн гэсэн үзүүлэлттэй байна.
Аваргаа хамгаалагч Бостон Селтикс л гэхэд энэ улирал бүр багаараа 51.1 удаагийн оролдлого гүйцэтгэж байгаагаараа бүх багуудыг хол тасархай тэргүүлж байгаа бөгөөд тэд дундын зайн довтолгооны оролдлогоосоо ч их байгаа юм. Тэд энэ эрчээрээ улирлыг дуусгавал 2018-19 оны Хьюстон Рокетсийн эзэмшдэг 45.4 гэсэн алсын зайн шидэлтийн оролдлогын рекордыг эвдэхээр байна. Түүнчлэн Бостон улирлын нээлтийн тоглолтод амжилттай болгосон гурван онооны шидэлтийн рекордтой тэнцэж 29 удаа Никсийн өөдөөс унагасан билээ.
Харин хоёр жилийн өмнөх аварга Денвер Наггетс баг энэ улиралд хамгийн бага буюу 30.4 удаа багаараа нэг тоглолтод шидэж байна.
Энэ асуудлын тухай NBA-н комиссар Адам Силвер:
Сагсан бөмбөг үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг. Би тоглолтуудыг үзэх үнэхээр дуртай. Миний бодлоор дэлхийд өрсөлдөхүйц хамгийн өндөр ур чадвартай тамирчид манай Лигт тоглож байна. Мөн бид NBA-г үзэхэд улам сонирхолтой, үзүүштэй болгохын төлөө тогтмол ярилцаж байгаа. Бид өнгөрсөн түүхээ эргээд харвал гурвын шугамыг илүү ихээр чухалчилж авч үзэх болсон нь үнэн. Багуудад дундын зайн үсрэлттэй шидэлт хийж хоёр оноо авч байснаас амжилттай болгох магадлалаараа яг адилхан хувьтай гурвын шугамын ардаас шидээд гурван оноо авахыг илүүд үзэх нь ойлгомжтой билээ.
Хэтэрхий их шидэж буй тухай шүүмжилсэн Леброн энэ улирал нэг тоглолтод дунджаар 5.7 удаагийн оролдлого гүйцэтгэж байна. Түүний замналых нь хамгийн их хийж байсан оролдлогын тоо нь 8 байсан бөгөөд энэ нь 2021-22 оны улирал юм.