10 настайгаасаа волейболын спортоор хичээллэж эхэлсэн. Батсуурийн хамаатны ах, эгч нар волейболоор хичээллэдэг байсан нь энэ спортоор хичээллэх шалтгаан болсон. Түүний ах Тэнүүн Огоо багт тоглодог байсан. Одоо Өмнөговь багт тоглодог Баярт юм. Мөн түүний аав Б.Баттөр нь волейболын багш, дасгалжуулагч, Олон улсын хэмжээний мастер цолтой. Өмнөговь аймгийн ЕБС-ийн Төрөлжсөн сургалттай 7-р Бүрэн дунд сургуульд багш.
Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний хошой алтан медаль, шилдэг тоглогч болон тэгш тоглогчоор шалгарсан. Оюутны улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медаль, тэгш тоглогч. 2019, 2021 оны дээд лигийн хүрэл медаль, шилдэг хаагч. Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт. “Тэнүүн Огоо” кап тэмцээний алт, хүрэл медаль, шилдэг довтлогч. Хасу кап тэмцээний алтан медальт тамирчин.
Их Засаг Олон улсын их сургуулийг төгссөн. Мэдээлэл, харилцаа холбооны “Netcom” компанид ажилладаг. 23 настай.
Тэрбээр “Эрчим” багт тоглодог байсан, шилдэг тоглогч ОУХМ Э.Сайнбилэгээс үлгэр дуурайлал авч ирсэн. Сайнбилэгийн үсрэлт, тэсрэлт тоглолтын темп нь таалагддаг. Мөн өөрийгөө болон багаа ахлах ур чадвар зэрэгт нь дуртай. /Энэхүү зургийг Б.Батсуурь, Э.Сайнбилэг нарын 2014 онд авхуулжээ/
Сэтгэлээр удаан хугацаанд унаад байдаггүй. Сэтгэлээр унах зүйл тохиолдоход богино хугацааны дараа хэвийн болдог. Цаг хугацаа бүхнийг зүгээр болгодог гэж боддог.
Волейболын спортоос гадна сагсан бөмбөгийн спортод дуртай. Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн тэмцээнийг үзэх дуртай. “Алдар Танан Гарьд” багийн хөгжөөн дэмжигч.
Түүний ирээдүйн зорилго бол бэлтгэл, сургуулилтаа сайн хийж, гадаадад легионер тоглогч болох. Одоогоор шигшээ багт дуудагдсан. Мөн өөрийнхөө мөрөөдлийг биелүүлж, гэр бүлтэй болоод аз жаргалтай амьдрахыг хүсдэг.
Хобби – Чөлөөт цагаараа кино үзэж, аялах дуртай. Адал явдалтай, инээдмийн зэрэг бүх төрлийн кинонд дуртай. Мөн мотоцикл унах дуртай Түүний дуртай хоол. Жимбий буюу тогооны хорхог. Өөрийнхөө хийсэн хоолонд илүү дуртай.
Тэрбээр эрэгтэй хүнийг хүндэлдэг, халамжтай эмэгтэйд дуртай бөгөөд одоогоор найз охингүй.
Амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэр бол Эрчим клубийг сонгосон явдал. Өөр клубүүдийн эгнээнд нэгдэх сонголт байсан ч Эрчимийг сонгосондоо баяртай байдаг. Түүний өсөж дэвших гарааг Эрчим клуб тавьж өгчээ.