MSports logo
НБА: Одоог хүртэл ямар нэг багтай холбогдож чадаагүй байгаа томоохон тоглогчид
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 9

  • НБА: Одоог хүртэл ямар нэг багтай холбогдож чадаагүй байгаа томоохон тоглогчид

    Хойд Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн NBA эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Одоог хүртэл өөрийн баг болон ямар нэг багт харьяалагдаагүй, өөр багаас санал сонсоогүй байгаа шилдэг тоглогчдыг онцлон хүргэе.

    РАССЕЛ УЭСТБРҮҮК

    НБА: Одоог хүртэл ямар нэг багтай холбогдож чадаагүй байгаа томоохон тоглогчид

    Энэ зуны хамгийн тодорхойгүй тоглогч. Зарим багууд түүнийг багт нь тус дэм болно гэж үзэж байгаа бол зарим багууд түүнийг аль хэдийн замналаа дуусгасан гэж бодож байна. Түүний хувьд сүүлийн тоглосон гурван баг нь Los Angeles Lakers, Los Angeles Clippers, Denver Nuggets гэсэн багууд байсан бөгөөд бүгд гэрээгээ сунгалгүй түүнийг орхисон. Одоогоор ямар ч багтай албан ёсоор холбогдож амжаагүй түүнийг олон нийтийн сүлжээгээр БНХАУ-ын дээд лигт нэгдэж магадгүй гэсэн шуум хүртэл гараад амжсан. НБА-д мэдээж шидэлт нь сул тал болдог боловч эрч хүчтэй тэсрэлтээ хадгалсаар байгаа нь дахин нэг боломж олдох шалтгаан болж магадгүй л юм.

    МАЛКОЛМ БРОГДОН

    НБА: Одоог хүртэл ямар нэг багтай холбогдож чадаагүй байгаа томоохон тоглогчид

    Өдгөө 32 хэдийн хүрсэн Брогдон туршлагатай, тогтвортой, сэлгээний сайн холбогч эсвэл шаардлагатай үед гараанд ч сайн байж чадах нэгэн. Өнгөрсөн улиралд сэргээн босголт хийж буй нийслэлийн баг Washington Wizards-т 12,7 оноо 4 оновчтой дамжуулалт дунджилсан. Гэвч Визардс түүнийг авч үлдэхийг хүссэнгүй. Улирлын дундуур олон багтай нэр холбогдсон ч одоог хүртэл албан ёсны мэдээлэл цацагдаагүй байна. Гэхдээ улирал эхлэхээс өмнө ямар нэг багтай гэрээ хийж, сэлгээнээс хангалттай өөрийн тусламжаа үзүүлэх биз ээ.

    ЖОШ ГИДДЕЙ

    НБА: Одоог хүртэл ямар нэг багтай холбогдож чадаагүй байгаа томоохон тоглогчид

    23 нас ч хүрээгүй Австралын төлөөлөл Жош Гиддей-ийн хүссэн цалин Чикагод хэтэрхий үнэтэй байгаа. Жош Гиддей Бухнуудтай хийсэн эхний улиралдаа 14 оноо /46.5%/, 8 самбар, 7 дамжуулалт буюу бараг л трипл дабл дунджилсан. Гэхдээ жилд $30 сая орчмын үнэ цэнтэй юу гэдэг дээр Чикаго Буллс баг одоог хүртэл бодсоор л...


    ЖОНАТАН КУМИНГА

    НБА: Одоог хүртэл ямар нэг багтай холбогдож чадаагүй байгаа томоохон тоглогчид

    Түүний энэ зуны драмаг тоочвол маш урт түүх болно. Товчхондоо Golden State-д тоглох минут болон байр суурь нь тодорхойгүй хэвээр байгаа тул өөр баг руу явахыг хүсэж байгаа. Гэвч өндөр санал тавьсан баг хараахан алга. Өсөж буй, чадварлаг тоглогч нь үнэн ч гэрээний үнэний асуудалд гацчихаад байна.

    АЛ ХОРФОРД

    НБА: Одоог хүртэл ямар нэг багтай холбогдож чадаагүй байгаа томоохон тоглогчид

    Одоо гэр бүл болон тав тухыг мөнгөнөөс илүү чухалчилж байгаа. Бостон түүний нас болон багт бодитой оруулах хувь нэмрийг бодолцон үнэтэй хэмээн үзэж, улмаар багаас явуулсан. Сэлгээний цөөхөн минутад ч хэрэг болохоор туршлагатай түүнийг хямд үнээр олон багууд авах боломжтой ч одоог хүртэл аль нэг багт нэгдээгүй байгаа нь түүний зодог тайлах дөхсөнийг илэрхийлж магадгүй юм.