Монголын сагсан бөмбөгийн Үндэсний Дээд лигийн 2025-2026 оны улирлын багуудын Монгол тоглогчид болон Ази тоглогчдын эцсийн мэдүүлэг 12-р сарын 01-нд өндөрлөнө. Эрэгтэй эмэгтэй багууд 12-р сарын 01-ээс эхлэн сүүлийн мэдүүлгийн дагуу, улирлын тоглолт болон Плэй-Оффт өрсөлдөнө.
Өнөөдрийн байдлаар багуудын хийсэн солилцоо болон шуум мэдээллийг тоймлон хүргэж байна.
BCH Knights багт сүүлийн жилүүдэд хүчин зүтгэсэн шилдэг тоглогчдын нэг Д.Дөлгөөнмөрөн Завхан Бродерс багт нэгдсэн бол Завхан Бродерс багийн Ази гадаад тоглогч, аюултай шидэгч гэдгээ хэдийнээ баталсан Юма Ишибаши BCH Knights баг руу солигдлоо. Ийнхүү Завхан Бродерс баг самбарын дутуу байрлалаа нөхөх тоглогчоор хүчээ зузаатгасан бол BCH Knights баг ахлагч О.Эрдэнэцогтоос гадна А.Энх-Амгалан, Юма Ишибаши гэсэн аюултай шидэгчдээр аркны арын бүсээ чангалж байна. Тэдний хувьд өмнө нь Ази гадаад тоглогчоор нэгдсэн Харш Дагарийг багаасаа чөлөөлсөн билээ.
BCH Knights Д.Дөлгөөнмөрөнг явуулсан гэдгээ албан ёсоор зарлаж түүнд амжилт хүсээд "Түүний өөрийгөө илүү хөгжүүлэх, талбай дээр илүү олон минут тоглож, чадвараа бүрэн харуулах хүсэл эрмэлзлийг бид хүндэтгэн дэмжиж, сонголтыг нь ойлгож хүлээн авсан юм.
Завхан Бродерс багт шинэ уур амьсгал, эрч хүч нэмж, өөрийн өнгө төрх, ур чадвараараа гайхагдан амжилт гаргаж чадна гэдэгт бид итгэлтэй байна." гэжээ.







