Монголын хөлбөмбөгийн насанд хүрэгчдийн шигшээ баг лхагва гарагт Лаосын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийлээ. Монголын Үндэсний Шигшээ баг 23 тоглогч 7 албаны хүний бүрэлдэхүүнтэй хилийн дээс алхсан. Шигшээ багийн хувьд ирэх ОУХБХ-ны өдрүүдэд албан ёсны 2 нөхөрсөг тоглолтыг хийх юм. Энэ удаагийн тоглолтонд Японы улсын мэргэжилтэн Оцука Ичиро анх удаагаа манай шигшээ багийг удирдан анхныхаа олон улсын тоглолтонд оролцсон юм. Харин эсрэг багт Лаосын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар цагтаа манай улсын шигшээ дасгалжуулж байсан Герман мэргэжилтэн Майкл Вайсс ажилласнаараа түүхэн онцлог тоглолт болсон юм. Манай улс өмнө нь 2018 онд Монголын хөлбөмбөгийн Үндэсний шигшээ баг “FIFA Days”-ийн хүрээнд Лаосын багтай тоглож 4:1-ийн харьцаатай буулган авч байсан.
Манай багийн гарааны бүрэлдэхүүнд Б.Балжинням, Ц.Мөнх-Эрдэнэ, М.Төгөлдөр, А.Нармандах, Х.Цэнд-Аюуш, П.Баярцэнгэл, С.Гал-Эрдэнэ, О.Мөнх-Оргил, О.Даваагэрэл, О.Оюунболд, хаалгачаар Э.Мөнх-Эрдэнэ нар дуудагдсан. Тоглолт Улаанбаатарын цагаар лхагва гарагийн 19:00 цагаас Лаос улсын нийслэл Виентиан хотын “КМ 16” үндэсний цэнгэлдэхэд эхэлсэн. Эхний хагас 0-0-ийн харьцаагаар өндөрлөсөн бол хоёрдугаар хагас талбайн эзэн багаас нэг гоолыг оруулж, манай улс 2022 оны эхний олон улсын нөхөрсөг тоглолтондоо харамсалтай ялагдал хүлээлээ. Шигшээ баг энэ сарын 29-ний өдөр Бангладеш улсад ээлжит тоглолтоо хийх юм.