MSports logo
Милан-Кортинагийн өвлийн олимпод манай тамирчид гүйлтийн цанын спринт төрөлд оролцлоо
  • П
    Пүрэвлхагва

    2 сарын 12

  • Милан-Кортинагийн өвлийн олимпод манай тамирчид гүйлтийн цанын спринт төрөлд оролцлоо

    Итали улсын Милан болон Кортина хотуудад зохион байгуулагдаж буй Өвлийн олимпын XXV наадамд дэлхийн шилдэг тамирчид хуран чуулж, өвлийн спортын оргил амжилтын төлөө өрсөлдөж байна. Энэ удаагийн наадамд манай улсаас гурван тамирчин оролцож, гүйлтийн болон уулын цанын төрөлд хүч сорьж байна.

    Монголын багийн бүрэлдэхүүнд гүйлтийн цанын тамирчин ОУХМ Батмөнхийн Ачбадрах, ОУХМ Энхбаярын Ариунтунгалаг нар багтсан бол уулын цанын төрөлд ОУХМ Алтанзулын Ариунбат оролцож байна.

    Милан-Кортинагийн өвлийн олимпод манай тамирчид гүйлтийн цанын спринт төрөлд оролцлоо

    ОУХМ Б.Ачбадрах нь олимпын туршлагатай тамирчин бөгөөд “Милан-Кортина”-2026 өвлийн олимпын наадмын гүйлтийн цанын 10 км-ын (10км+10 км) скиатлоны төрөлд хүч сорьж 38 улсын 75 тамирчнаас 55 дугаар байрт шалгарлаа. Түүний хувьд “Бээжин-2022” өвлийн олимпын наадмын энэ төрөлд 65 дугаар байр эзэлж байжээ. ОУХМ Б.Ачбадрах мөн эрэгтэйчүүдийн гүйлтийн цанын спринтийн төрөлд өрсөлдөж, тэр бээр дэлхийн шилдгүүдтэй эн зэрэгцэн гараанд гарч, хурд хүч, ур чадвараа сорин 95 тамирчнаас 81-р байрт шалгарлаа. 

    Милан-Кортинагийн өвлийн олимпод манай тамирчид гүйлтийн цанын спринт төрөлд оролцлоо

    Харин өвлийн олимпын наадамд анх удаагаа оролцож буй ОУХМ Энхбаярын Ариунтунгалаг эмэгтэйчүүдийн гүйлтийн цанын спринт төрөлд өрсөлдөж, 89 тамирчнаас 68-р байрт шалгарлаа.  

    Милан-Кортинагийн өвлийн олимпод манай тамирчид гүйлтийн цанын спринт төрөлд оролцлоо

    Түүнчлэн А.Ариунбат уулын цанын төрөлд оролцож буй нь Монгол улсын хувьд өвлийн олимпын түүхэнд онцлох үйл явдал болж байна. Манай улс энэ төрөлд олимпын наадамд анх удаа тамирчнаа сойж байгаа нь өвлийн спортын хөгжилд шинэ хуудас нээж буй хэрэг юм. Түүний хувьд энэ сарын 16-нд Валтеллина хотод олимпын наадмын уралдааны замдаа гарна.

    Милан-Кортинагийн өвлийн олимпод манай тамирчид гүйлтийн цанын спринт төрөлд оролцлоо

    Энэ удаагийн наадмын үеэр Монголын багийн нээлтийн ёслолын хувцас олон улсын хэвлэл мэдээллийн анхаарлыг татсан. Үндэсний уламжлалт хэв шинжийг орчин үеийн шийдэлтэй хослуулсан загвар нь Монголын соёл, өв уламжлалыг дэлхий дахинд дахин нэг удаа сурталчиллаа. Монголын баг тамирчид зөвхөн спортын талбарт бус, соёлын илэрхийлэл, үндэсний онцлогоороо ч онцгойрч байна.

    Милан-Кортинагийн өвлийн олимпод манай тамирчид гүйлтийн цанын спринт төрөлд оролцлоо

    Өвлийн олимп нь зуны олимптой харьцуулахад манай улсын хувьд уламжлал багатай, бэлтгэл сургуулилалтын нөхцөл хязгаарлагдмал спортын төрөлд багтдаг. Гэсэн ч тамирчид олон улсын стандартад нийцсэн тэмцээнд оролцож, дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж буй нь өөрөө том амжилт билээ. Оролцоо бүр нь туршлага, дараагийн үеийн тамирчдад урам зориг болж, өвлийн спортыг эх орондоо хөгжүүлэх чухал алхам болж байна.

    Гэрэл зургийг: Монголын Үндэсний Олимпын Хороо-MNOC