MSports logo
МАРАФОН ГҮЙЛТ НЬ ЗҮРХ СУДАСНЫ ФИТНЕСС БОЛЖ, БУЛЧИНГИЙН ТЭСВЭРИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • А
    Админ

    5 сарын 29

  • МАРАФОН ГҮЙЛТ НЬ ЗҮРХ СУДАСНЫ ФИТНЕСС БОЛЖ, БУЛЧИНГИЙН ТЭСВЭРИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ

    Жил бүр 5-р сарын сүүлд “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн уралдаан явагддаг. Нийслэл Улаанбаатар хотын төв хэсгийг автомашины хөдөлгөөнөөс чөлөөлж, нийслэлчүүдийг нэг өдрийг төв замаар чөлөөтэй алхаж, гүйх, хүүхэд залуучуудыг дугуй, ролик унах зэрэг боломжыг олгодог. Энэ жилийн хувьд 5-р сарын 28-ны өдөр марафон гүйлтийн уралдаан явагдлаа. Бороо шивэрсэн сэрүүвтэр өдөр байсан ч 20 мянга гаруй гаруй иргэд бүртгүүлэн, нэгэн өдрийг спортоор хичээллэн идэвхитэй өнгөрүүллээ. Анхлан оролцогчид 5 км-ийн зайд оролцсон бол анх удаа уралдахдаа өөрсдийн шандасыг сорьж 21 км-ын холын зайд оролцсон иргэд ч байсан юм. Мөн 42 км-ийн мэргэжлийн зайд 25 орны 150 гаруй гүйгч өрсөлдлөө.

    Марафон гүйлт нь зүрх судасны фитнесс болж, булчингийн тэсвэр тэвчээрийг сайжруулахад тустай. Бусад олон нийтэд төдийлөн зарлагдаагүй эерэг нөлөө нь жингээ хасах, сэтгэлийн байдал сайжирч, өөрийгөө үнэлэх үнэлэмж, сэтгэлийн түгшүүр буурах, олон нийттэй харилцах, нийгэмших харилцаа зэрэг сэтгэцийн эрүүл мэндийн өөрчлөлтүүдэд туйлын тустай гэж үздэг.

    Марафон гүйлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлт Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийг идэвхжүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэдийн биеийн тамираар хичээллэх идэвх санаачилгыг дэмжсэн, гадаад, дотоодын гүйгчдийн хүсэн хүлээдэг томоохон арга хэмжээний нэг юм. Энэхүү гүйлтэд оролцогчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа бөгөөд нийслэлийн иргэдээс гадна хөдөө, орон нутаг, Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид оролцдог. Энэ жилийн хувьд Кени, Казакстан Улсаас олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчид зорин ирж оролцож байгааг дуулгахад таатай байна. Улаанбаатар бол гүйгчдийг дэмжсэн, гүйлтийн спортыг хөгжүүлсэн хот байх болно.” гэж хэлсэн юм. 

    Оролцогчдын дунд зорилгынхоо төлөө хичээллэж байгаа туршлагатай гүйгч гүйгчид эсвэл найзынхаа уралдаанд оролцсон амжилтаас урам зориг авсан шинэхэн гүйгчид гээд маш олон төрлийн шалтгаантай хүмүүс байсан юм. Хамгийн чухал нь олон шалтагийг өөртөө хэлж,  хэтэрхий хэцүү, хэтэрхий хол байна гэж бууж өгөлгүй бариандаа орсон нь өөрийгөө ялж буй хамгийн том ялалт юм.  Жил ирэх тутам спортоор хичээллэх, марафон гүйлтэд оролцогчдын тоо нэмэгдсээр байна. Ирэх жил өдийд ахин олон иргэд марафоны эгнээнд орно гэдэгт итгэлтэй байна. 
     

    Н.Бэлгүүн