MSports logo
АНУ-ын сагсан бөмбөгийн шигшээ олимпод бэлэн гэдгээ харуулсаар байна
  • Ө
    Өсөхбаяр

    7 сарын 18

  • АНУ-ын сагсан бөмбөгийн шигшээ олимпод бэлэн гэдгээ харуулсаар байна

    Энэ оны спортын хамгийн том үйл явдлуудын нэг Парисын олимп эхлэхэд хоёр долоо хоног хүрэхгүй хугацаа үлдлээ. Олимп бүрийн олны анхааралд хамгийн их өртдөг сагсан бөмбөгийн төрөлд энэ жил АНУ бэлэн гэдгээ батлан харуулсаар байна. Учир нь олимпын өмнөх тоглолтуудад АНУ-ын шигшээ нэг ч хожигдол амсалгүй 3-0 харьцаатай ялалт байгууллаа. Тэд өнөөдөр АНЭУ-ын Абу Даби хотод Сербийн шигшээ багийн эсрэг тоглосон ба үндсэн цагт 105-79 харьцаатай 26 онооны давамгайллаар буулган авлаа. 

    АНУ-ын сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн энэ жил ч мөн адил хамгийн шилдэг тамирчдаа оролцуулж байгаа ба тэдний гарааны бүрэлдэхүүнд NBA-ийн долоон удаагийн МVP шагналын эзэд багтаж байна. Олимпын наадамд хамгийн өндөр оноо дунджилдаг Кевин Дурант бэртлийн улмаас сэлгээнээс тоглолтод оролцсон ч тэд Сербийг төвөггүй буулгаж авчээ. 

    Дээрх аялан тоглолтын үеэр АНУ-ын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Стив Керр нэг солилцоогоор таван тоглогчийг зэрэг сольж байгаа нь хоккейн спортын санагдуулам байв. Эхний тавтын дараагаас Энтони Эдвардс, Энтони Дэвис, Бам Адебайо, Тайрис Халибуртон, Девин Бүүкер гэсэн тавтыг шууд оруулж байгаа нь эсрэг тоглож байгаа багуудад шууд л хүнд тусч байна. 

    АНУ-ын сагсан бөмбөгийн шигшээ олимпод бэлэн гэдгээ харуулсаар байна

    Нөгөө талд Сербийн шигшээ баг АНУ-тай алтан медалийн төлөө тоглох боломжтой хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг. Тэдэнд мэдээж мэдрэмжтэй, туршлагатай, дэлхийн шилдэг тоглогчдын нэг болох Никола Йокич бий. Харин өчигдрийн тоглолтод түүнд туслах Богдан Богданович, Никола Милутинов нар тоглолтод оролцоогүй. Мөн Сербийн дасгалжуулагч Светислав Песич тоглолт эхлээд 39 секунд болж байхад шүүгчидтэй маргалдсаны улмаас техникийн алдаа авч хөөгдсөн байна. Магадгүй бүрэн бүрэлдэхүүнээ өрсөлдвөл Сербийн шигшээ багт хүлээлт үүсгэж болох юм. 

    Тоглолтын дараа Леброн Жэймс "Бидэнд өөрсдийгөө сайжруулах маш олон арга зам бий. Бид өөрсдөдөө үүсгэсэн олон боломжуудаа дэмий үрэхгүй байхыг хичээж, улам сайжрахыг хүсэж байна. Өнөө орой бид анхны бэлтгэлээсээ илүү сайжирсан юм шиг санагдаж, хожил байгууллаа" гэжээ. АНУ-ын баг ирэх бямба гарагт Өмнөд Суданы эсрэг Лондон хотноо тоглоно.