MSports logo
Зүүн Азийн шилдгүүдтэй хүч үзэж буй Монголын эмэгтэй шигээ баг
  • М
    Мөнхбаясгалан

    8 сарын 12

  • Зүүн Азийн шилдгүүдтэй хүч үзэж буй Монголын эмэгтэй шигээ баг

    Монголын эмэгтэй волейболын шигшээ баг Зүүн Азийн бүсийн шилдэг багуудтай өрсөлдөхөөр Хонконгод болж буй 2026 оны “Азийн Зүүн бүсийн эмэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн”-д оролцож байна.


    Хэд хоногийн өмнө Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод Зүүн Азийн эрэгтэйчүүдийн Волейболын аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, Монгол улсын үндэсний шигшээ баг түүхэн амжилт үзүүлж, хүрэл медалийн эзэд болсон гайхалтай үйл явдал болсон бол энэ удаа эмэгтэй баг тамирчид хүч үзэж байна.

    Зүүн Азийн шилдгүүдтэй хүч үзэж буй Монголын эмэгтэй шигээ баг

    Зургаан өдрийн турш үргэлжлэх тус тэмцээн наймдугаар сарын 11-16-ны өдрүүдэд Хонконгийн Queen Elizabeth Stadium-д болж байгаа бөгөөд Монголын шигшээ багаас гадна БНХАУ, Япон, БНСУ, Тайвань, Хонконг, Макаогийн багууд оролцож байна. Энэ бол Монголын эмэгтэй волейболчдын хувьд Азийн бүсийн өндөр түвшний багуудтай өрсөлдөж, өөрсдийн түвшинг сорих чухал тэмцээн юм.


    Тэмцээний эхний өдөр Монголын шигшээ баг талбайд гарч, БНСУ-ын хүчирхэг багтай нүүр тулсан. Хэдийгээр манай бүсгүйчүүд өрсөлдөгчийнхөө довтолгоо, хамгаалалтын өндөр хэмнэлийг тоглолтын туршид тогтоон барихад амаргүй байсан ч гурван сетийн турш тэмцэж, олон улсын тавцанд туршлага хуримтлуулах чухал тоглолтыг хийлээ.

    Зүүн Азийн шилдгүүдтэй хүч үзэж буй Монголын эмэгтэй шигээ баг

    БНСУ-ын эсрэг гурван сетийн тоглолт

    

    Монгол, БНСУ-ын тоглолтод солонгосчууд эхний сетээс давуу байдлыг гартаа авсан. БНСУ-ын довтолгоо, блокийн зохион байгуулалт Монголын хамгаалалтад нэлээд их ачаалал өгч, эхний сетийг 25:10-оор өндөрлүүлсэн.


    Хоёрдугаар сетэд Монголын баг тоглолтоо сэргээхийг хичээсэн ч БНСУ онооны зөрүүг дахин нэмэгдүүлж, 25:10-оор хожлоо.

    Гуравдугаар сетэд Монголын шигшээ илүү идэвхтэй тоглож, 15 оноо авсан ч өрсөлдөгч багийн тоглолтын хурдыг гүйцэхэд хангалтгүй байв. Улмаар БНСУ гуравдугаар сетийг 25:15-аар авч, тоглолтыг 3:0-ээр дуусгасан байна.


    Монголын багаас энэ тоглолтод Хулан болон Амарбаясгалан нар тус бүр таван оноо авч, багийн довтолгоонд голлох үүрэг гүйцэтгэсэн бол Энхнаран дөрвөн оноо нэмсэн байна. Манай баг нийт 35 оноо авсны 19 нь довтолгоо, тав нь блок, нэг нь давуулалтаас оржээ. Харин үлдсэн 10 оноо нь өрсөлдөгчийн алдаанаас бүрдсэн байна.


    Харин өнөөдөр орой (наймдугаар сарын 12) Хонконгийн шигшээ багтай 19 цаг 30 минутаас тоглох хуваарьтай байна.

    Зүүн Азийн шилдгүүдтэй хүч үзэж буй Монголын эмэгтэй шигээ баг

    Монголын эмэгтэй волейболын шигшээ багийн хувьд энэ тэмцээний ач холбогдол зөвхөн хожил, хожигдлоор хэмжигдэхгүй.


    Учир нь Монголын баг нэг талбайд Азийн төдийгүй дэлхийн волейболын тавцанд тогтмол өрсөлддөг Хятад, Япон, БНСУ зэрэг улсын багуудтай хүч үзэж байна. Ийм түвшний тоглолт бүр тамирчдын туршлага, тоглолтын хурд, тактикийн ойлголтод чухал нэмэр болдог.


    Түүнчлэн энэ удаагийн тэмцээнд Монголын шигшээ багийн залуу тоглогчид олон улсын томоохон тэмцээний уур амьсгалыг мэдэрч, бүсийнхээ шилдэг тамирчидтай нэг талбайд өрсөлдөж байгаа нь ирээдүйн хувьд үнэ цэнтэй туршлага болж байна.

    Зүүн Азийн шилдгүүдтэй хүч үзэж буй Монголын эмэгтэй шигээ баг