Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо “АСА АРЕНА”-д 2026 оны Зүүн Азийн эрэгтэйчүүдийн Волейболын аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, Монгол улсын үндэсний шигшээ баг түүхэн амжилт үзүүлж, хүрэл медалийн эзэд боллоо. Манай шигшээ баг ЗААШТ-ий “A” хэсэгт орж, Хонгконг болон БНХАУ-ын шигшээ багуудыг буулган авч, хэсгээ тэргүүлсэн бөгөөд хагас шигшээд хүчирхэг Японы шигшээ багтай таван ээлжийн турш гайхалтай өрсөлдөөнийг үзүүлж, 2:3 харьцаатайгаар хожигдсон ч хүрэл медалийн төлөө БНХАУ-ын шигшээ багийг 3:1 харьцаатайгаар буулган авч, ЗААШТ-ий түүхэн амжилтаа үзүүлж, хүрэл медалийн эзэд боллоо.
ЗААШТ 2026: Монголын шигшээ баг түүхэн амжилт үзүүллээ
8 сарын 10
Нэг довтолгоо, нэг хаалт, нэг хамгаалалт, шийдвэрлэх мөчид авсан оноо бүр нь Монголын волейболын спорт яаж хөгжиж байгааг харуулсан үнэ цэнтэй алхам байлаа. Ялангуяа эх орондоо, өөрсдийн хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө Азийн шилдгүүдтэй өрсөлдөнө гэдэг тамирчин бүрийн хувьд асар том сорилт. Харин энэ сорилтыг Монголын шигшээ багийн залуус маань даван гарч, талбай дээрээ тэмцэж чадсан нь хамгийн том ололт байв.
Өмнө нь манай улсын шигшээ баг ЗААШТ-д 1998, 2015, 2017 онуудад дөрөвдүгээр байрт шалгарч, хараахан медаль зүүж амжаагүй байв. Гэсэн ч энэ удаагийн тэмцээнд манай шигшээ багийн гадаадад тоглодог ихэнх тамирчид маань шигшээ багтаа нэгдэж, мөн Үндэсний дээд лигийн шилдэг тамирчид маань хамтдаа нэгэн цул болж, гайхалтай тоглолтуудыг үзүүлж чадсан нь бахархам байлаа.
Монголын волейболын нийт тамирчид, дасгалжуулагчид, үе үеийн тоглогчид, хөгжөөн дэмжигчдийн хамтын ялалт. Учир нь өнөөдрийн медалийн ард өмнөх шигшээ багийн волейболын тамирчдын тавьсан суурь бий. Өнөөдрийн шигшээ багийн амжилт маргаашийн бяцхан волейболын тамирчдад “Монгол улс ч бас чадна” гэсэн итгэлийг өгч байна. Хамгийн үнэ цэнтэй зүйл нь чухам энэ. Монголын волейболын тамирчид Азийн бүсийн шилдгүүдтэй өрсөлдөж, тэднийг ялж болохыг өөрсдийн тоглолтоор харууллаа. БНХАУ-ыг 3:1-ээр буулган авч, ЗААШТ-ээс хүрэл медаль хүртсэн Монголын шигшээ багийн энэ амжилт Монголын волейболын түүхэнд алтан үсгээр бичигдэх нь гарцаагүй.





