MSports logo
Х.Болдсүх БНСУ-ын Бүх оддын тоглолтын 3 онооны шидэлтийн аварга болж, 2 сая воны шагнал хүртжээ
  • Б
    Бэлгүүн

    1 сарын 15

  • Х.Болдсүх БНСУ-ын Бүх оддын тоглолтын 3 онооны шидэлтийн аварга болж, 2 сая воны шагнал хүртжээ

    Өнгөрөгч амралтын өдрүүдэд KBL буюу Өмнөд Солонгосын сагсан бөмбөгийн холбооны Бүх оддын тоглолт зохион байгуулагдсан юм. Бүх оддын 3 онооны шидэлтийн тэмцээнд энэ улиралд тус улсын мэргэжлийн сагсан бөмбөгийн хэмжээнд хамгийн өндөр 3 онооны шидэлтийн хувьтай тоглогчоор нэрлэгдэж байгаа тоглогч болох Бусан КСС багийн довтлогч Монгол тоглогч Хишгээгийн Болдсүх буюу Ли Гын-Хви оролцож, илт давуу аваргаар шалгарав. Х.Болдсүх 1-р сарын 14-ний ням гарагт Гоянг Соно Аренад болсон 2023-2024 оны сагсан бөмбөгийн бүх оддын 3 онооны шидэлтийн тэмцээний финалд 27 оноо авч, оролцогч тоглогчдоос хамгийн өндөр амжилт үзүүллээ.

    Х.Болдсүх БНСУ-ын Бүх оддын тоглолтын 3 онооны шидэлтийн аварга болж, 2 сая воны шагнал хүртжээ

    2020 оны драфтын эхний тойргийн 8-р сонголтоор Бусан KCC-гийн эгнээнд нэгдсэн Х.Болдсүх энэ улиралд 50.8%-ийн 3 онооны шидэлтийн амжилтаар лигийн нэгдүгээр байрт бичигдэж байгаа юм. Бүх оддын тоглолтын 3 онооны шидэлтийн тэмцээнд 13 хүн оролцож, урьдчилсан шатнаас Х.Болдсүх 25 оноогоор нийлбэр дүнгээр нэгдүгээр байрт орж, финалд шалгарсан байна. О Жэ Хён (SK) 22 оноогоор хоёрдугаар байрт, Эндрью Николсон (Korea Gas Corporation) 20 оноогоор гурав, Дидрик Лоусон (DB) 18 оноогоор дөрөвдүгээр байрт тус тус оржээ. Улмаар финалд шилдэг дөрвөн тоглогч өрсөлджээ. Шигшээ өрсөлдөөнд Лоусон 12 оноо, Николсон 21 оноо, О Жэ Хён 14 оноо авсан бол хамгийн сүүлд орсон Ли Гын Хви буюу Х.Болдсүх урьдчилсан шатны шилдэг үзүүлбэрээ үргэлжлүүлж, хамгийн өндөр буюу 27 оноо авч аваргын цомын эзэн боллоо. 

    Х.Болдсүх БНСУ-ын Бүх оддын тоглолтын 3 онооны шидэлтийн аварга болж, 2 сая воны шагнал хүртжээ

    Тэрбээр SPOTV телевизэд ярилцлага өгөхдөө "Энэ бол миний амьдралдаа авсан анхны цом. Би маш их баяртай байна" гэж хэлээд " Би NBA-ийн сайн тоглогчдыг хараад шидэлтийн талаар маш их дүн шинжилгээ хийж, дасгал хийсэн. Би энэ тэмцээний өмнө маш их бэлтгэл хийсэн" гэж хэлсэн байна. Тэрбээр аваргын цом,  2 сая воны шагнал авчээ. Тэрбээр шагналаа гардан авсныхаа дараа инээмсэглэн "Миний эргэн тойронд амттай зүйл худалдаж авч өгөх хүмүүс олон байгаа тул шагналын мөнгө надад үлдэхгүй гэж бодож байна" гэжээ.

    Х.Болдсүх БНСУ-ын Бүх оддын тоглолтын 3 онооны шидэлтийн аварга болж, 2 сая воны шагнал хүртжээ

    Дашрамд сонирхуулахад, Х.Болдсүх нь Солонгост 10 гаруй жил болж байгаа бөгөөд 2018 онд "Ли Гын-хви" нэрээр солонгос иргэншил авахаар иргэншлийн шалгалт өгч, Солонгосын иргэн болжээ. Тэрбээр эмээгийнхээ хамт Монголд амьдардаг байсан ч түүнийг хорвоог орхиход 2009 онд F-3 визээр хууль ёсоор Солонгос руу нүүсэн байна.