MSports logo
МҮОХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР Б.БАТТҮШИГ, ТЭРГҮҮН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР Ч.НАРАНБААТАР НАР СОНГОГДОВ
  • А
    Админ

    3 сарын 28

  • МҮОХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР Б.БАТТҮШИГ, ТЭРГҮҮН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР Ч.НАРАНБААТАР НАР СОНГОГДОВ

    Монголын үндэсний олимпийн хорооны гишүүдийн хурлаас зарласан ээлжит чуулган өнөөдөр “Шангри-Ла” зочид буудалд зохион байгуулагдаж байна. МҮОХ дүрмэндээ 4 жилдээ нэг удаа чуулганыг зохион байгуулж, бүтэц бүрэлдэхүүнээ шинэчилж, сонгуульт хугацааны тайланг хэлэлцдэг. МҮОХ-ны ээлжит чуулган 2021 оны 11-р сард явагдах байсан гэвч чуулганы үеэр сонгуулийн үйл ажиллагааг удирдан явуулах үүрэгтэй хараат бус сонгуулийн комисс ажлаа үргэлжлүүлэн хийх боломжгүй болсны улмаас чуулганыг хойшлуулахаас өөр аргагүй нөхцөл үүссэн юм. Улмаар МҮОХ-ны дүрмийн 14.2-т “МҮОХ-ны чуулганыг хуралдуулах хугацааг гурван сараас доошгүй хугацааны өмнө гишүүдийн хурлаас зарлана” гэж заасны дагуу чуулганы товыг 2022 оны 3-р сарын 28-ны өдөр болгон тогтоосон. 8-р чуулганы эхэнд мандатын комиссын илтгэлийг хэлэлцэж батласан.

    Энэ удаагийн чуулганд оролцохоор МҮОХ-ны гишүүн 180 бүртгүүлээд байснаас чуулган эхлэхэд 151 мандаттай гишүүд хүрэлцэн ирж, ирц 88,8 хувьтай эхнээсээ ирц өндөрт тооцогдож байсан бол чуулганы дундуур гишүүд нэмэгдэж, улмаар санал хураалтын үед 165 гишүүд саналаа өгсөн юм. Эдгээрийн дунд олимпын төрлийн спорт холбоодыг төлөөлж 79 гишүүн ирсэн бол олимпын бус төрлийн спорт холбоодоос 64 гишүүн хүрэлцэн ирсэн байна. Монголын үндэсний Олимпийн хорооны ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ гурван хүн чуулганы эхэнд дэвшүүлээд байсны дунд Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга чуулганд хүрэлцэн ирэлгүй, улмаар нэрээ татсан юм. Мөн түүнчлэн Монголын даамын холбооны дотоодын маргаантай асуудлаас болж тус холбооны ерөнхийлөгч А.Ундрааг олимпийн хорооны гишүүнээс түтгэлзүүлсэн байна. Ийнхүү 8-р чуулганы хэлэлцэн сонгох гол албан тушаалтан болох МҮОХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшигчдээр МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг болон Монголын биатлоны холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир нар тунан үлдсэн. Тэр дундаа нэр дэвшигч Э.Мөнх-Очир одоогийн олимпийн хорооны удирдлагуудыг дүрмээ биелүүлдэггүй, энэ өдрийн чуулгаар дүрмээ дахин хэлэлцэх хэрэгтэйг сануулж байсан юм.

    МҮОХ-ны чуулганаар сүүлийн таван жилийн хугацаанд хийсэн ажлыг танилцуулсан. Манай улсын тамирчид энэ хугацаанд зун, өвлийн олимп болон Азийн наадам зэрэг томоохон тэмцээнүүдэд амжилттай оролцсон. Сүүлийн хоёр жилийн хугацаанд коронавирусын цар тахлын дэглэмийг өндөр сахиж, улс эх орныхоо нэрийг хилийн чанадад гаргаж ирснийг онцолсон. Ялангуяа сүүлийн жилүүдэд спорт, олимпизмийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлсэн. Гэсэн хэдий ч чуулганд оролцсон гишүүдийн 12,2 хувь нь эмэгтэй гишүүд байсан нь удирдах түвшинд спорт эмэгтэй төлөөлөл цөөн хэвээр байгааг харуулж байлаа.

     Тайлан арга хэмжээний дараа МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгууль явагдаж өндөрлөсөн. Ерөнхийлөгчид гурван хүн нэрээ дэвшүүлсэн ч Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга нэрээ татаж буйгаа албан бичгээр мэдэгдсэн учраас МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, Монголын биатлоны холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир нар ерөнхийлөгчийн төлөө өрсөлдлөө. Санал хураалтад 180 төлөөлөгч оролцох ёстойгоос 165 нь саналаа өгч, ирц 91.6 хувьтай байв.  Дүн гарахад 151 хүн Б.Баттүшигт, 12 хүн Э.Мөнх-Очирт санал өгч, хоёр санал хүчингүй болсон байна. Ингэснээр Б.Баттүшиг 92 хувийн саналаар ялалт байгуулж, МҮОХ-ны 14 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

     МҮОХ-ны дэд ерөнхийлөгчид нийт 9 хүн нэр дэвшиж, Монголын үндэсний олимпийн академийн ерөнхийлөгч Ч.Зоригтбаатар нэрээ татлаа. Улмаар дэд ерөнхийлөгчид Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны хөгжил хариуцсан захирал С.Тулга, Монголын ширээний теннисний холбооны удирдах зөвлөлийн гишүүн, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа, МҮОХ-ны зөвлөх Ц.Отгонцагаан, Монголын таеквондогийн холбооны ерөнхийлөгч Д.Энхбат, Монголын каное, каяак холбооны ерөнхийлөгч О.Одбаяр, Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч Ц.Сандуй, Монголын жюү жицүгийн холбооны гүйцэтгэх захирал О.Болд-Эрдэнэ, МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар зэрэг 8 хүн нэр дэвшсэнээс 159 гишүүдийн саналын дүнд 80 хүний саналаар Ч.Наранбаатар МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон.

     Монголын каное холбооны ерөнхийлөгч О.Одбаяр 75 хүний саналаар дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. Энэ удаагийн чуулга уулзалтанд ОУОХ-ны ҮОХ-ын асуудал эрхэлсэн захирал Жероми Пойвей хүрэлцэн ирж ажиглагчаар ажилласнаараа онцлогтой байлаа. Чуулганд оролцсон гишүүд болон нэр дэвшиж сонгогдсон бие бүрэлдэхүүн эв нэгдэлтэйгээр, хамтдаа спортын төлөө зүтгэж, ил тод ажиллах нь гол зүйл гэдгийг онцолсон юм.