Хойд Америкийн сагсанбөмбөгийн NBA-ийн бүсийн финалын тоглолтууд эхэллээ. Өнөөдөр зүүн бүсийн шигшээд шалгарсан Бостон Селтикс болон Индиана Пэйсерс багуудын тоглолт Бостон хотын ТД Гарденд болж өнгөрлөө. Энэхүү тоглолтын хамгийн өндөр хожих магадлалтайгаар нэрлэгдэж байсан Бостон Селтикс эхний хагаст 13 оноогоор тэргүүлж явсан ч тэргүүллээ алдаж, улмаар эхний хагас 64-64 харьцаатай өндөрлөв.
Гуравдугаар үед оноо салалгүй явсаар дөрөвдүгээр үед аль аль багуудын хамгаалалт илүү нягтарч, бөмбөг алдалтууд их болж байв. Индиана Пэйсерс баг энэ тоглолтод багаараа 21 удаа бөмбөг алдсан бол Бостон Селтикс 14 удаа алджээ. Оноо Индиана Пэйсерс тэргүүллийг гартаа авч 5 онооны зөрүү үүсгэхэд Бостон Селтикс тун хэцүү байдалд орсон байлаа.
Бостончууд онооны харьцааг 3 болгон ойртуулж довтолсны дараа тоглолт дуусахад 8 секунд дутуу байхад Индиана Пэйсерс бөмбөг алдсанаар талбайн эздэд боломж олдлоо. Завсарлагааны дараа Жэйлен Броун дээр зурсан хувилбар амжилттай болж алсын зайны довтолгоо орсноор 117-117 дээр оноо тэнцэв.