MSports logo
ДАШТ 2026: Мбаппе, Холанд дубль хийж, Лионель Месси хэт-трик толилуулж, Австри эхний хожлоо байгууллаа
  • П
    Пүрэвлхагва

    6 сарын 17

  • ДАШТ 2026: Мбаппе, Холанд дубль хийж, Лионель Месси хэт-трик толилуулж, Австри эхний хожлоо байгууллаа

    2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн шатны тоглолтуудын ээлжит өдөр "I" болон "J" хэсгийн багууд тоглолтуудаа хийлээ. Дэлхийн шилдгүүд болох Киллиан Мбаппе, Эрлинг Холанд нар тус бүр дубль хийсэн бол Лионель Месси хэт-трик хийж, ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч Германы шилдэг довтлогч Мирослав Клозегийн хамтаар 15 гоол оруулсан үзүүлэлттэй тэнцэж ирлээ.

    Франц 3:1 Сенегал

    ДАШТ 2026: Мбаппе, Холанд дубль хийж, Лионель Месси хэт-трик толилуулж, Австри эхний хожлоо байгууллаа

    Өнгөрсөн ДАШТ-ий дэд аварга хүчирхэг Францын шигшээ баг Африк тивийн аварга Сенегалын шигшээ багуудын хооронд “I” хэсгийн эхний тоглолт явагдаж, Францын шигшээ баг 3:1 харьцаатайгаар хожиж, эхний гурван оноогоо авч чадлаа. Хоёр багийн тоглолтын эхний хагас гоолгүй өндөрлөсөн бөгөөд хоёрдугаар хагасын 66 дахь минутад Михаэль Олисегийн ганган дамжуулалтаар Киллиан Мбаппе гоол оруулж, 1:0 болгов. Улмаар тоглолтын 82 дахь минутад сэлгээгээр дөнгөж талбайд орж ирсэн Бредли Баркола гоол оруулж, 2:0 болгосон ч Сенегалын шигшээ багаас 90+4 дэх минутад Ибрахим Мбайе гоол оруулж, 2:1 болгон ойртуулав. Гэсэн ч тоглолтын 90+6 дахь минутад Киллиан Мбаппе дахин нэг гайхалтай гоолыг оруулж, 3:1 харьцаатайгаар хожил байгууллаа.

    Ирак 1:4 Норвег

    ДАШТ 2026: Мбаппе, Холанд дубль хийж, Лионель Месси хэт-трик толилуулж, Австри эхний хожлоо байгууллаа

    Хөлбөмбөгийн ДАШТ-2026 тэмцээний “I” хэсгийн хоёр дахь тоглолт Норвег болон Иракийн шигшээ багуудын хооронд болж, Норвегийн шигшээ баг 4:1 харьцаатай ялалт байгуулснаар 1998 оноос хойших буюу 28 жилийн дараах ДАШТ-ий анхны ялалтаа авлаа. Тоглолтын 29 дэх минутад Норвегийн шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн бууч Эрлинг Холанд гоол оруулж, 1:0 болгов. Тоглолтын 39 дэх минутад Иракийн шигшээ багийн довтлогч Аймен Хуссейн мөргөж гоол оруулан 1:1 болгосон ч түүний гоолоос ердөө 4 минутын дараа Иракийн шигшээ багийн хамгаалагч, хаалгач нарын маш том алдааг Эрлинг Холанд ашиглаж, 2:1 харьцаатайгаар эхний хагаст Норвег илүүрхэв. Тоглолтын хоёрдугаар хагасын 76 дахь минутад Лео Эстигор гоол оруулж, 3:1 болгосон бөгөөд тоглолтын үндсэн цаг дуусаж, 90+5 дахь минутад Иракийн шигшээ багийн довтлогч Аймен Хуссейн өөрийн хаалганд гоол оруулж, 4:1 харьцаатайгаар Норвегийн шигшээ баг ялалт байгууллаа.

    Австри 3:1 Йордан

    ДАШТ 2026: Мбаппе, Холанд дубль хийж, Лионель Месси хэт-трик толилуулж, Австри эхний хожлоо байгууллаа

    28 жилийн дараа ДАШТ-д эргэн ирсэн Австрийн шигшээ баг “J” хэсгийн эхний тоглолтдоо Йорданыг 3:1-ээр буулган авлаа. Австрийн шигшээ тоглолтын 20 дахь минутад Романо Шмидийн хүчтэй цохилтоор тэргүүлийг авсан. Харин Йордан хоёрдугаар үеийн эхэнд буюу 51 дэх минутад Али Олваны гоолоор тоог тэнцүүллээ. Тоглолтын 76 дахь минутад Марсель Забитцерийн булангийн цохилтыг Йорданы хамгаалагч Язан Аль-Араб өөрийн хаалгандаа оруулснаар Австри дахин тэргүүлийг авч, улмаар тоглолтын 90+7 дахь минутад Марко Арнаутович торгуулийн цохилтоос гоол оруулж, 3:1-ийн харьцаатайгаар Австрийн шигшээ баг хожил байгууллаа.

    Аргентин 3:0 Алжир

    ДАШТ 2026: Мбаппе, Холанд дубль хийж, Лионель Месси хэт-трик толилуулж, Австри эхний хожлоо байгууллаа

    Өнгөрсөн ДАШТ-ий аварга, дэлхийн чансааны №1 Аргентины шигшээ баг болон Алжирын шигшээ багуудын хооронд “J” хэсгийн хоёр дахь тоглолт явагдаж, Аргентины шигшээ баг 3:0 харьцаатайгаар хожил байгууллаа. Тоглолтын 17 дахь минутад Аргентины шигшээ багийн ахлагч, Лионель Месси 16-ийн гаднаас ганган цохилтоор гоол оруулж, 1:0 болгож, эхний хагаст Аргентины шигшээ баг илүүрхэв. Тоглолтын хоёрдугаар хагасын 60 дахь минутад Лионель Месси дахин гоол оруулж, 2:0 болгов. Улмаар тоглолтын 76 дахь минутад Лионель Месси гоёмсог цохилтоор гоол оруулж, Францын домогт Зинедин Зиданы хүү Лука Зиданы хаалганд хэт-трик толилуулж, ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч Германы шилдэг довтлогч Мирослав Клозегийн хамтаар 15 гоол оруулсан үзүүлэлттэй тэнцэж ирлээ.

    Эдгээр багуудын дараагийн тоглолтууд (Монголын цагаар):

    06-р сарын 23-нд

    01:00 цагаас — Аргентин vs Австри

    05:00 цагаас — Франц vs Ирак

    08:00 цагаас — Норвег vs Сенегал

    11:00 цагаас — Йордан vs Алжир

    Мэдээллийн ивээн тэтгэгч: ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД