MSports logo
Азийн урьдчилсан шатны тоглолтоос өмнө хөлбөмбөгийн Үндэсний шигшээ багийн тамирчид “Мөнгөн гүүр” эмнэлэгтэй хамтран бүтэн биеийн эрүүл мэндийн үзлэгт хамрагдлаа
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 4

  • Азийн урьдчилсан шатны тоглолтоос өмнө хөлбөмбөгийн Үндэсний шигшээ багийн тамирчид “Мөнгөн гүүр” эмнэлэгтэй хамтран бүтэн биеийн эрүүл мэндийн үзлэгт хамрагдлаа

    2027 онд Саудын Араб улсад зохион байгуулагдах Азийн Цомын тэмцээнүүдийн урьдчилсан шатны эхний тоглолтоо хийх гэж буй хөлбөмбөгийн Үндэсний шигшээ баг  10-р сарын 12-нд Тажикстан улсад Афганистан улсын багтай тоглоно. Уг тоглолтоос өмнө шигшээ багт дуудагдсан 26 тамирчин “Мөнгөн гүүр” эмнэлэгт бүтэн биеийн эрүүл мэндийн үзлэгт өнөөдөр хамрагдлаа. “Мөнгөн гүүр” эмнэлэг нь спортын эмчилгээ, сувилал, урьдчилсан болон гэмтлийн үеийн үзлэг оношилгоог 24 цагаар хийж гүйцэтгэж байгаа билээ. Цаашдаа Монголын хөл бөмбөгийн холбоо болон “Мөнгөн гүүр” эмнэлэг тамирчдын эрүүл мэндийн үзлэг, тамирчин бүрийн хувийн эрүүл мэндийн дата мэдээллийг цуглуулж тулгарч болзошгүй гэмтэл бэртлээс сэргийлэх, эмчлэх тал дээр хамтран ажиллахаар болсон байна. Энэ талаар Үндэсний шигшээ багийн ахлагч Х.Цэнд-Аюуш “Бид өмнө нь эмнэлэгийн багт үзлэгт орон, тэмцээндээ оролцдог байсан бол одоо байнгын үзлэг шинжилгээнд хамрагдан, цаашлаад бидний хувийн мэдээлэл дээр тулгуурлан тулгарч болзошгүй гэмтэл, бэртэл, аюулаас урьдчилан сэргийлэх боломжтой болсонд талархаж байна” гэлээ. 

    Хөлбөмбөгийн холбоотой хамтарч ажиллах болсон талаар Мөнгөн гүүр эмнэлгийн гэмтэл согогийн мэс заслын эмч Д.Баяржаргал “Бид өмнө нь жүдо, хүндийн өргөлтийн тамирчидтай хамтарч ажиллаж байсан бол энэ удаа багийн спортоо дэмжих хүрээнд МХБХолбоотой хамтарч ажиллах болсондоо таатай байна. Тамирчдын эрүүл мэндийн үзлэг, гэмтэл бэртлийн мэдээллийг цаг тухайд нь мэдэж, эмчилгээнд хамруулснаар амжилт үзүүлэх боломжийг нэмэгдүүлнэ хэмээн найдаж байна” хэмээсэн юм. 

    "Мөнгөн гүүр" эмнэлэг нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш тамирчдын эрүүл мэндэд онцгой анхаарал хандуулж, бэртэл гэмтлийг нь хурдан шуурхай эмчилж, оношлоход дэмжлэг үзүүлэн ажиллаж ирснээрээ спортынхны талархлыг хүлээж ирсэн хамт олон юм.

    Манай тамирчид 2026 онд АНУ, Канад, Мексик улсуудад явагдах ДАШТ болон Азийн цомын 2027 онд болох Азийн цомын төлөөх тэмцээний урьдчилсан шатны тоглолтоо Афганистан улсын шигшээ багтай 10-р сарын 12-нд Тажикстан улсад, 10-р сарын 17-нд Монгол улсад тоглох билээ.