MSports logo
ОЛОН УЛСЫН ОЛИМПИЙН ХОРООНЫ АНХНЫ БҮРЭН ЭРХТ ЭМЭГТЭЙ ГИШҮҮНЭЭР НОРА ГҮНЖ СОНГОГДОВ
  • А
    Админ

    1 сарын 1

  • ОЛОН УЛСЫН ОЛИМПИЙН ХОРООНЫ АНХНЫ БҮРЭН ЭРХТ ЭМЭГТЭЙ ГИШҮҮНЭЭР НОРА ГҮНЖ СОНГОГДОВ

    ОУОХ-ны бүрэн эрхт гишүүнээр ажиллаж байсан Ричард Паундын албан үүргийн хугацаа 12-р сарын 31-ний өдөр дуусгавар болсон бөгөөд Олон улсын олимпийн хороо бүрэн эрхт гишүүнээр анх удаа эмэгтэй хүнийг томиллоо. Ричард Паунд тус байр сууринд 44 жил томилогдон, ажилласан юм. Ийнхүү Олон улсын Олимпийн Хорооны түүхэн дэх чухал мөч 1-р сарын 1-ний өдөр тохиов. Төв Европоос гаралтай ноёны гэр бүлийн гишүүн тус байгууллагын хамгийн хүндтэй гишүүнээр сонгогджээ. Лихтенштейн хунтайжийн гэр бүлийн гишүүн гүнж Норберта буюу Нора гүнж 72 настайдаа ОУОХ-ны 130 орчим жилийн түүхэн дэх анхны олимпийн салбарын хамгийн нэр хүндтэй гишүүн “doyenne”-ээр нэрлэгдлээ.

    Олон улсын олимпийн хороо анхны эмэгтэй гишүүдээ элсүүлээд 40-өөд жил өнгөрч байгаа бөгөөд олимпийн хөдөлгөөн сүүлийн үед жендэрийн тэгш байдлыг хангах үйлсийг дуртайяа хүлээн авч байгаа юм. Тиймдээ ч Гүнж Нора олон улсын олимпийн хороонд хамгийн олон жил гишүүнээр тууштай байсныхаа үр дүнд дараагийн найман жилийн хугацаанд ОУОХ-ны бүрэн эрхт гишүүний статусаа эзэмших юм байна. 1984 онд спортын хамгийн нэр хүндтэй клубт элсэж байсан Нора гүнж 39 жилийн дараа эрхэм алдрыг хүлээн авч, энэ салбарт том өөрчлөлтийн эзэн болж байна. Түүнээс өмнө энэхүү бүрэн эрхийг эзэмшиж байсан Канадын Ричард Паунд хэлэхдээ "Олон улсын Олимпийн хороонд бүрэн эрхт гишүүнээр олон жил тасалдалгүй байсан миний хувьд Лихтенштейн гүнж Нора бидний анхны эмэгтэй бүрэн эрхт гишүүн болсонд маш их баяртай байна" гэж хэлжээ.  Норберта гүнж нь Лихтенштейн хунтайж Франц Иосеф II болон түүний эхнэр Жоржина фон Вильчек нарын дөрөв дэх хүүхэд бөгөөд цорын ганц охин нь юм. Нора гүнж Женевийн Их Сургууль болон Олон улс, хөгжлийн судлалын Төгсөлтийн дээд сургуульд суралцаж байсан байна. Тэрбээр Дэлхийн банк, Байгаль орчин, хөгжлийн олон улсын хүрээлэн зэрэгт ажиллаж байсан. Франц, англи, герман, испани хэлээр ярьдаг.

    Нора гүнж 1984 оноос Олон Улсын Олимпийн Хорооны гишүүн болжээ. 1982-1992 онд Лихтенштейн улсын Үндэсний Олимпийн Хорооны ерөнхийлөгч, 2002 оноос хойш Лихтенштейн Тусгай Олимпийн Хорооны ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Дашрамд сонирхуулахад, хэдхэн хоногийн өмнө өөрийн бүрэн эрхээ өгсөн ОУОХ-ны бүрэн эрхт гишүүн асан Паунд Томас Бахыг 12 жилээс дээш хугацаагаар тус холбооны тэргүүний суудлыг сунгахыг оролдохгүй байхыг зөвлөжээ.

    Паунд хэлэхдээ “Хэрэв надаас зөвлөгөө авахыг хүсвэл би түүнд ийм үйлдэл хийхгүй байхыг зөвлөж байна." гэжээ. Одоогийн Олимпийн Хартийн дагуу холбооны Ерөнхийлөгчийг ОУОХ-ны гишүүд найман жилийн хугацаагаар, нэг удаа сунгаж, дөрвөн жилээр сунгадаг. Германы хуульч, ОУОХ-ны ес дэх Ерөнхийлөгч Бах анх 2013 оны есдүгээр сард Буэнос-Айрес хотноо Бельгийн Жак Роггегийн халааг авч, ОУОХ-ны тэргүүн болсон. Тэрбээр 2021 оны гуравдугаар сард дахин сонгогдсон билээ.

     

    Н.Бэлгүүн