MSports logo
МАНИЛА МАСТЕРС ТЭМЦЭЭНД МОНГОЛЫН БАГУУД ДЭЛХИЙД МЭДЭГДЭЛ ХИЙЛЭЭ
  • А
    Админ

    5 сарын 2

  • МАНИЛА МАСТЕРС ТЭМЦЭЭНД МОНГОЛЫН БАГУУД ДЭЛХИЙД МЭДЭГДЭЛ ХИЙЛЭЭ

    Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн тэмцээнүүд үргэлжилсээр байна. Тамирчдын энэ удаагийн зогсоол Филиппин улсын Манила хотод байлаа. FIBA 3x3 World Tour долоон жилийн хугацаанд анх удаа Филиппинд эргэн ирсэн юм.Үндэсний спортоо сагсан бөмбөгийг болгосон Филиппинчүүдийн хөгжөөн дэмжчигдийн өмнө Серби, Монгол, Австрали, Энэтхэг, Бельги, Польш, Япон, Шинэ Зеаланд, Филиппин улсын 14 баг хоёр өдрийн турш өрсөлдлөө. Азид төдийгүй дэлхийд хүчтэй өрсөлдөгчид гэдгээ хэдийнэ харуулаад байгаа Монгол улсаас дөрвөн баг “Манила Мастерс” тэмцээнд өрсөлдсөн. Гурван сая хүн амтай Зүүн Азийн улсаас тэмцээнд дөрвөн баг оролцох болзол хангасан нь эхнээсээ “Монгол” гэсэн нэрийг онцлох шалтгаан болсон.

    Тэмцээний эхний өдөр Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Ц.Отгонжаргал, Стив Сэр нарын бүрэлдэхүүнтэй “Улаанбаатар ММС Энержи” баг удаа дараалан хожил байгуулж, тэмцээний хүчтэй өрсөлдөгчид гэдгээ харуулсан. Шинэ өнгө төрхтэй "Ulaanbaatar MMC Energy" Улаанбаатар Super Quest and Challenger тэмцээний финалд шалгарч улирлын анхны Мастерууддаа сайн формтой эхлүүлсэн. Тэдний эрч хүч ч Манилад үргэлжилж, тэмцээний эхний өдөр эзэн орон зохион байгуулагч Манила Чокс (PHI) болон нутаг нэгт Зайсан MMC Energy (MGL) багийг итгэл төгс хожсон. Улаанбаатар ММС Энержигийн залуус залуу дүү нарынхаа эсрэг зангараг үзүүлсэн тоглолтыг толиуулснаас гадна талбайн эздийг үзэгчдийнх нь өмнө чимээгүй болгосон. Туршлагатай тоглогчид болох Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн нараас гадна энэ өдрийн гол дүр бол Стив Сэр байсан юм. Тэрбээр алсын зайн шидэлтээ 7 удаа оновчтой болгож, нийтдээ 16 оноо авч тэмцээний шилдэг мэргэн бууч гэдгээ харуулсан. Канад улсын тамирчны хувьд гэр бүлээрээ Монголд ирж, Монголын сагсан бөмбөгийн 3х3 төрлийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ үзүүлж, туршлагаасаа манай улсын залуустай хуваалцаж, гар нийлэн тоглож байна.

    Гэсэн ч “Улаанбаатар ММС Энержи” багийн залууст тэмцээний хоёр дахь өдөр ээлтэй байсангүй. Австралийн Мельбурн багийн эсрэг хийсэн тоглолтонд манай тамирчдын тоглолт орохгүй байсан гэж хэлж болно. Хэдийгээр цааш тэд тэмцээнийг үргэлжлүүлэх боломжгүй болсон ч дэлхий дахинд ямархуу шилдэг баг бүрэлдэхүүнтэй вэ гэдгээ дахин, дахин гоёмсог тоглолтуудаараа харуулсан. 14 багаас тэд 5-р байрт шалгарч, 10 мянган ам долларын эзэд болсны сацуу Манила Чүүкс багийг 6:53 секундэд буюу тус их дуулгын тэмцээний туршид хамгийн богино цагт хожил байгуулсан рекордын амжилтын эзэд болж нэмэлт 2000 мянган ам.доллараар шагнуулсан.

    Манай улсаас “Зайсан ММС Энержи”, “Завхан ММС Энержи”, “Улаанбаатар ММС Энержи”, “Сансар ММС Энержи” багууд “Манила Мастерс” тэмцээнд оролцсоны дунд тод гялалзсан баг нь яахын аргагүй “Сансар ММС Энержи” байлаа. А.Ананд, О.Энхбаатар, Б.Батзолбоо, А.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй манай улсын баг ах нарынхаа амжилтыг давуулан биелүүлсэн юм. Ялангуяа Ариунболдын Ананд Манила хотыг гайхалтай шидэлт, ур чадвартай тоглолтоороо гайхуулсан. Дэлхийн тур тэмцээнүүдийн шинэхэн оролцогчид болох Сансар ММС Энержи багаараа хоёрдугаар байрт бичигдэж буй Бельгийн Антверпен багийг гайхшруулж, нийлбэр дүнгээр гуравдугаар байрт шалгарсан юм.  Тэд тэмцээний хоёр дахь өдөр хагас шигшээд шалгарахын төлөө эзэн орны баг Манилагийн багийн шатахуун дуустал нь эрч хүчтэй тоглож, Сансар ММС Энержи 16-21-ийн харьцаатай хожиж, цааш тэмцээнээ үргэлжлүүлэх тасалбараа атгасан. Эсрэг талд Сербийн хүчтэй багууд манай улсын багийг хүлээж байсан. 

     Манила Чүүкс хагас шигшээд шалгарах боломжтой байсан ч тэргүүллээ хамгаалж чадсангүй, Монголын залуусыг хожиж чадаагүй юм. А.Ананд ар араасаа хоёр онооны шидэлт хийснээр 7:0-ийн харьцаатай тоглолт тэдний талд эргэж, талбайн эздийг эхнээсээ бут ниргэсэн. А.Ананд есөн оноо, О.Энхбаатар зургаан оноо авсан бол Аварзэдийн Гансүх, Боргилын Батзолбоо нар мөн зургаан оноо авчээ.  “Сансар ММС Энержи” багаараа тэмцээний 3-р байрт шалгарч, Серби улсаас бусад тэмцээнд оролцсон их гүрний багуудыг ардаа орхисон бахдам амжилтыг үзүүллээ. Мөн шагналын сан 22 мянган долларын эзэд болсон юм.

    Тэмцээний аваргаар Сербийн УБ баг шалгасаран бол дэд байранд мөн л Серби улсын Лиман баг орсон юм. Сербичүүдийн тэргүүлэл зогссонгүй ч Монголын баг тэдэнтэй дүйцэхүйц олон сайн багтай гэдгээ итгэл төгс дуулгалаа. Улаанбаатар, Сансар багууаас гадна Зайсан, Завхан багууд ч өсөх ирээдүйтэй тоглогчидтой гэдгээ харууллаа. Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн тамирчдыг 6-р сарын 21-26-нд Бельги улсад ДАШТ, 7-р сарын 4-10-нд Сингапурт Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хүлээж байна.