MSports logo
Парис-2024 Паралимпд оролцох тамирчдын нэрс тодорсоор байна
  • Ө
    Өсөхбаяр

    7 сарын 18

  • Парис-2024 Паралимпд оролцох тамирчдын нэрс тодорсоор байна

    Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон зуны олимп тун удахгүй эхлэх гэж байна. Парис-2024 наадамд манай улсаас 32 тамирчин оролцох эрхтэй болсон бол Парис-2024 зуны Паралимпд оролцох тамирчдын нэрс эхнээсээ тодорсоор байна. Тодруулбал өнгөрсөн сарын байдлаар Хөдөлмөрийн баатар, МУГТ, Э.Содномпилжээгээр ахлуулсан долоон тамирчин пауэрлифтинг, пара байт харваа, пара таеквондо, пара жүдо, төрлүүдэд эрх авсан байсан бол тэдний араас усанд сэлэлтийн тамирчин Х.Номуун усанд сэлэлтийн 50 болон 400 метрийн зайд цагаан хуудсаар оролцохоор болсон. Тэрбээр паралимпын усан замд өрсөлдөх анхны монгол тамирчин болж буйгаараа онцлогтой.

    Парис-2024 Паралимпд оролцох тамирчдын нэрс тодорсоор байна

    Түүний араас Пара Хөнгөн Атлетикийн ОУХМ Ц.Баттулга F-40 ангиллын Бөөрөнцөг түлхэлтийн төрлөөр "Парис-2024" зуны паралимпын наадамд оролцохоор болов. Ц.Баттулга нь өнгөрсөн жил “Ханжоу-2022” Азийн зуны спортын наадмаас тухайн төрлөөрөө Хүрэл медаль хүртсэн амжилттай. 

     

    Парис-2024 Паралимпд оролцох тамирчдын нэрс тодорсоор байна

    Мөн Пара Хөнгөн атлетикийн ОУХМ П.Энхманлай T-53 ангиллын тэргэнцэртэй гүйлтийн 100м зайд "Парис-2024" зуны паралимпын наадамд оролцох эрхээ саяхан авсан байна. П.Энхманлай өмнө нь "Токио-2020" зуны паралимпын XVI наадамд эх орноо төлөөлөн оролцож байсан туршлагатай тамирчин билээ. 

    Парис-2024 Паралимпд оролцох тамирчдын нэрс тодорсоор байна

    Ийнхүү одоогийн байдлаар Парис-2024 зуны Паралимпын наадамд пара пауэрлифтинг, пара байт харваа, пара таеквондо, пара усанд сэлэлт, пара жүдо, пара хөнгөн атлетик зэрэг 6 төрөлд 10 эрх аваад байна. Нэмж дурдахад энэ жилийн Паралимпын наадамд 4400 тамирчин, спортын 22 төрлөөр 549 медалийн төлөө өрсөлдөх юм.