MSports logo
ЧӨЛӨӨТ БӨХИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН 3-Р САРД БОЛНО
  • А
    Админ

    1 сарын 2

  • ЧӨЛӨӨТ БӨХИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН 3-Р САРД БОЛНО

    Топ спортын нэгт зүй ёсоор тооцогддог чөлөөт бөхийн 2023 оны улсын аварга шалгаруулах тэмцээн 3-р сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Одоогоор тэмцээн болох газар тодорхойгүй байна. 2023 оны хувьд Парисын олимпийн наадмын өмнөх жил гэдгээрээ тамирчдын хувьд чансааны онооны тэмцээнүүд болон Ази тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гэсэн чухал тэмцээнүүд хүлээж байна. Манай чөлөөт бөхийн тамирчид энэ оны эхний тэмцээнээр Хорватын Загребт болох чансааны оноо олгох олон улсын тэмцээн нэрлэгдэж байна. Ирэх 2-р сарын 1-5-ны өдрүүдэд болох тэмцээнд эрэгтэй, эмэгтэй шигшээ баг тамирчид оролцоно. Манай баг тамирчдыг Монгол улсын гавьяат дасгалжуулагч Цэндийн Баярсайхан удирдана. 2021 оны Ослогийн ДАШТ-ий дараа МУГД Бямбажавын Баттулга ажлаа өгч, 2022 оны 7-р сараас эхлэн чөлөөтийн шигшээ багийн Ц.Баярсайхан дасгалжуулагч удирдах болсон билээ. 

     
    Хорватын тэмцээний дараа чансааны оноо олгох олон улсын хоёр дахь тэмцээн бол ирэх сарын сүүлд Египетийн Каирт болох олон улсын тэмцээн юм. Гэсэн ч манай чөлөөт бөхийн тамирчдын хувьд тэмцээн болох газар хол учир энэ тэмцээнийг өнжиж, 6-р сард Кыргызстаны нийслэл Бишкект болох чансааны оноо олгох энэ оны 3 дахь тэмцээнд оролцохоор болжээ. Товчхондоо манай тамирчид энэ жил зохиогдох чансааны оноо олгох дөрвөн тэмцээнээс хоёрт нь оролцох төлөвтэй байна. Мөн чөлөөт бөхийн тамирчдыг энэ жил Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хүлээж байна. Азийн аваргын тэмцээн 3-р сарын 28-наас 4-р сарын 2-ны өдрүүдэд Энэтхэг улсын Шинэ Дели хотод, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 9-р сарын 16-24-ний өдрүүдэд Сербийн Бельград хотод зохиогдох хуваарьтай байна. Чансааны оноо нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хэсэг толгойлоход нөлөөлөх учраас энэ онд манай тамирчдын оролцох хоёр чансааны оноо олгох тэмцээн мөн чухал ач холбогдолтой. Өнгөрсөн жилийн чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн мөн Серби улсад зохиогдоход манай улсаас нийт таван медалийг хүртсэн.

    Энэ жилийн ДАШТ-ий зохион байгуулах өрсөлдөөнд өнгөрсөн жил Баку, Стамбул хотууд нэр дэвшсэн ч, нэрээ татаж Белград өрсөлдөгчгүйгээр дахин дэлхийн аваргыг хүлээн авах болсон байна. Дашрамд сонирхуулахад, Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Серб улсын иргэн Ненад Лалович хэмээх эрхэм байдаг. Энэ жилийн дэлхийн аваргын тэмцээн нь олимпийн эрх олгох эхний тэмцээн учраас баг тамирчдын хувьд хамгийн хариуцлагатай томоохон тэмцээн байх болно. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс жиндээ эрх авч чадаагүй тамирчид 2024 оны хавар тивийн аваргаас эхний хоёр байрт орсон тамирчид, мөн эрхийн гурван тэмцээнүүдээс үлдсэн олимпийн эрхийг авах боломжтой юм. 

    Н.Бэлгүүн