2026 оны өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Италийн Монтесильвано хотод 14, 16, 18 гэсэн насны ангиллаар зохион байгуулагдаж байна.
Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
6 сарын 18
Энэхүү тэмцээнд 83 орны 758 шатарчин оролцох бөгөөд бөгөөд швейцар системээр 11 өрөг өрсөлдөж аваргуудаа тодруулна. Тус тэмцээнийг олон улсын шатрын холбооноос өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 2015 оноос бага /8, 10, 12/, ахлах нас /14, 16, 18/ тусад нь зохион байгуулдаг уламжлалтай болсон юм.
Энэ удаагийн тэмцээнд манай улсаас ФИДЕ мастер Б.Буянхишиг, Э.Хүслэн, Э.Эмүжин, кандитат мастер З.Нарансолонго, Б.Энхнамуун, М.Урангоо, Г.Зэв, М.Санчир гэсэн найман шатарчин оролцож байна.
Манай улсын хувьд өсвөрийн шатарчдын ДАШТ-ий ахлах насны ангилалд хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн түүхтэй. Тодруулбал, их мастер Б.Мөнгөнтуул 2001 онд хүрэл, 2005 онд мөнгө, 2011 онд их мастер А.Энхтуул хүрэл, 2017 онд их мастер Д.Батсүрэн алт, 2022 онд олон улсын мастер Д.Мөнхзул алтан медаль хүртэж байжээ.
Ташрамд дурдахад, Олон улсын шатрын холбооноос Гүржийн нийслэл Батуми хотод 8, 10, 12 хүртэлх насныхны дэлхийн цомын тэмцээнийг шинэ форматаар анх удаа зохион байгуулж байна. Өчигдөр эхэлсэн тус тэмцээнд 70 орны өсвөрийнхөн чуулсан бөгөөд манай улсаас Ц.Батсайханы удирдлагад 18 тамирчин өрсөлдөж байгаа аж.





