Өнгөрөгч амралтын өдрүүдэд “Малайз улсын залуучуудын аварга шалгаруулах” усанд сэлэлтийн нээлттэй тэмцээн “60th MILO/MAS MALAYSIA AGE GROUP” Малайз улсын Куала Лумпур хотод амжилттай зохиогдлоо. Тус тэмцээн нь 2025 оны 7 сард Сингапур улсад зохиогдох усанд сэлэлтийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн”-ий эрх олгох өндөр чансаатай тэмцээн юм.
Уг тэмцээнд Монгол улсаа төлөөлөн 6 тамирчин амжилттай оролцсоноос “Сэлэм Загас” клубийн тамирчин ОУХМ Э. Эрхэс 50м араар даллах сэлэлтээр 25.79 амжилтыг үзүүлж Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа. Ингэснээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрхээ албан ёсоор авсан усанд сэлэлтийн анхны эрэгтэй тамирчин болж усан спортын түүхэнд бичигдлээ. Мөн 16 насандаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох болзлоо хангаж албан ёсоор эрхээ авсан хамгийн залуу усанд сэлэлтийн тамирчин болж байгаа юм.