MSports logo
“Парис-2024” Олимпын галт бамбарыг буухиалах маршрутыг танилцууллаа
  • А
    Админ

    6 сарын 27

  • “Парис-2024” Олимпын галт бамбарыг буухиалах маршрутыг танилцууллаа

    “Парис-2024” Олимпын наадмын галт бамбарыг Франц улсад 2024 оны тавдугаар сарын 8-ны өдөр авчран орон даяар буухиална гэж тус наадмыг зохион байгуулагчид мэдээллээ. Францын их соён гэгээрүүлэгч Пьер де Кубертен орчин үеийн олимпын наадмыг үүсгэн байгуулах илтгэлээ тавьж байсан Сорбонны их сургуульд галт бамбарын буухианы маршрутыг танилцуулжээ. Галт бамбарыг Францын 64 нутаг дэвсгэрээр буухиална.“Олимпын галт бамбарын буухианы маршрутыг танилцуулж байгаадаа баяртай байна. Галт бамбарыг орон даяар 68 хоногийн турш буухиална. Энэхүү үйл ажиллагаа нь манай орны өв соёл, үзэсгэлэнт байгаль, музей, урлаг, оршин суугчид зэрэг гайхалтай цар хүрээг харуулна” гэж “Парис-2024” наадмыг зохион байгуулах хорооны дарга Тони Эстанге мэдэгджээ. Олимпын галыг 2024 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Олимпын өлгий нутаг Грект асаасны дараа Газрын Дундад тэнгисээр Францын Марсель хотноо тавдугаар сарын 8-нд авчрах юм. Ингэхдээ орчин үеийн олимпын наадмыг зохион байгуулж эхэлсэн 1896 онд анх аялалд гарч байсан “Belem” нэртэй гурван шурагт хөлөг онгоцоор тээвэрлэнэ. Ийнхүү галт бамбарыг Францын 64 нутаг дэвсгэр, түүний дотор хилийн чанад дахь таван нутагт дэвсгэрээр буухиалах бөгөөд нийтдээ 10 мянган хүн зохион байгуулагч орны хамгийн алдартай, түүхэн дурсгалт газруудаар аялуулах ажээ. Парисын Олимпын наадам 2024 оны долоодугаар сарын 26-ны өдөр эхэлнэ. 

    “Парис-2024” Олимпын галт бамбарыг буухиалах маршрутыг танилцууллаа