Сербийн тэрбумтан Драган Солакийн дэмжлэгтэй “Sport Republic” хөрөнгө оруулалтын фирм Саутхэмптон клубын 80%-ийн хувьцааг эзэмшихээр боллоо. Харилцаа холбооны “United Group” компанийг эзэмшдэг Солак 2017 оны наймдугаар сард өөрийн хувьцааны 80 хувийг худалдаж авсан Хятадын бизнесмэн Гао Жишенгээс 100 сая фунт стерлинг буюу 136 сая доллараар тус клубыг худалдаж авсан гэж мэдээлж байна.
"Сүүлийн хоёр жилийн хугацаанд манай клубын хувьцаа эзэмшигчидтэй хамтран клубээ урагшлуулах зөв түншийг хайж байсан. Өнөөдөр бид клубийнхээ төгс шийдлийг олсон" гэж Саутхэмптоны гүйцэтгэх захирал Мартин Семменс хэлжээ. " Sport Republic фирм бол туршлагатай хөрөнгө оруулагчид төдийгүй дэлхийн элит мэргэжлийн спортын туршлагатай. Энэ хослолыг олоход маш хэцүү бөгөөд бид ойрын болон урт хугацааны ирээдүйгээ баталгаажуулсан тохиролцоонд хүрсэндээ баяртай байна." гэж хэллээ.
Харин 2010 онд 1-р лигт байхдаа талийгаач эцэг Маркусаас өвлөн авсан Катарина Либхерр үлдсэн 20%-ийг хэвээр эзэмшин үлдэх болно. “Sport Republic” нь Лондонд төвтэй спорт болон хөгжөөнт зар сурталчилгаанд суурилсан фирм бөгөөд түүний тэргүүлэх хөрөнгө оруулагч нь Солак юм. Тус компанийн багцад залуу тоглогчдын гүйцэтгэлийг сайжруулахад зориулагдсан хөлбөмбөгийн программ болох Tonsser багтсан байна. "Саутхэмптон нь томоохон спортын байгууллагад бидний хайж байсан маш олон чанаруудтай. Энэ нь гайхалтай менежментийн баг, гайхалтай авьяас чадвар, сонирхол татахуйц хөлбөмбөг тоглодог авьяаслаг баг төдийгүй үнэнч хөгжөөн дэмжигчидтэй" гэж Солак хэлэв.
Энэ гэрээ нь Чехийн тэрбумтан хөрөнгө оруулагч Даниел Кретински 11-р сард Вест Хэм Юнайтедийн 27%-ийг, Саудын Арабын дэмжлэгтэй консорциум 10-р сард Ньюкасл Юнайтед багийг худалдаж авснаас хойш хэдхэн сарын дотор Премьер лигийн клубт хийсэн гурав дахь томоохон хөрөнгө оруулалт болж байна. Саутхэмптон 19 тоглолтоос 21 оноотой лигтээ 14 дүгээр байрт бичигдэж байна.