MSports logo
Айчи-Нагояа 2026: Монголын эмэгтэй 5х5 шигшээ баг “C” хэсэгт өрсөлдөнө
  • П
    Пүрэвлхагва

    9 сарын 10

  • Айчи-Нагояа 2026: Монголын эмэгтэй 5х5 шигшээ баг “C” хэсэгт өрсөлдөнө

    Япон улсын Айчи-Нагояа хотноо болох “Айчи-Нагояа 2026” Азийн XX наадамд Монгол Улсын эмэгтэй 5х5 сагсан бөмбөгийн шигшээ баг өрсөлдөнө. Монголын шигшээ баг тэмцээний С хэсэгт БНСУ, Хятадын Тайван болон Малайзын шигшээ багуудтай нэг хэсэгт багтсан. Азийн наадмын 5х5 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн тэмцээний хэсгийн хуваарийг зохион байгуулагчид албан ёсоор баталсан бөгөөд С хэсгийн эхний тоглолтууд есдүгээр сарын 18-нд эхэлнэ.

    C хэсгийг чансаагаар БНСУ тэргүүлж байна

    Айчи-Нагояа 2026: Монголын эмэгтэй 5х5 шигшээ баг “C” хэсэгт өрсөлдөнө

    FIBA-ийн эмэгтэйчүүдийн дэлхийн чансааг харвал С хэсгийн тэргүүн баг нь БНСУ. Одоогийн FIBA-ийн чансаагаар БНСУ дэлхийд 15 дугаарт, Хятадын Тайвань 39 дүгээрт, Монгол 72 дугаарт бичигдэж байгаа бол Малайз 2026 оны дөрөвдүгээр сарын шинэчлэлээр 80 дугаарт багтжээ.

    Энэ үзүүлэлтээс харахад Монголын шигшээ баг хэсгийнхээ чансаагаар гуравдугаарт эрэмбэлэгдэж байна. Гэхдээ Азийн наадамд чансаа дангаараа тоглолтын үр дүнг шийдэхгүй бөгөөд хэсгийн гурван тоглолт Монголын багийн хувьд том сорилт болно.

    Хамгийн хүчтэй өрсөлдөгч БНСУ

    Айчи-Нагояа 2026: Монголын эмэгтэй 5х5 шигшээ баг “C” хэсэгт өрсөлдөнө

    “С” хэсгийн хамгийн хүнд өрсөлдөгч нь яах аргагүй БНСУ-ын шигшээ баг. Солонгосын эмэгтэйчүүдийн шигшээ баг FIBA-ийн дэлхийн чансааны эхний 15-д багтаж байгаа бөгөөд Монголын багаас чансааны хувьд нэлээд өндөрт бичигдэж байна.

    Монголын шигшээ баг тэмцээний эхний тоглолтоо есдүгээр сарын 18-нд Хятадын Тайванийн эсрэг, дараагийн тоглолтоо есдүгээр сарын 21-нд БНСУ-ын эсрэг, хэсгийн сүүлийн тоглолтоо есдүгээр сарын 22-нд Малайзын эсрэг хийхээр албан ёсны хуваарьт тусгажээ.

    Хятадын Тайвань болон Монголын хувьд чухал тоглолт

    Айчи-Нагояа 2026: Монголын эмэгтэй 5х5 шигшээ баг “C” хэсэгт өрсөлдөнө

    Хятадын Тайвань нь дэлхийн 39 дүгээрт бичигдэж байгаа бөгөөд Монголын шигшээ багаас чансааны хувьд 33 байр дээгүүр байна. Өмнө нь манай шигшээ баг Хятадын Тайваны шигшээ багтай Азийн цомын тэмцээнд таарч, 92:82-ийн харьцаатайгаар хожигдож байсан.

    Иймээс Монголын багийн хэсгийн эхний тоглолт маш чухал. Тэмцээнийг амжилттай эхлүүлж чадвал хэсгээсээ дараагийн шатанд шалгарах боломжоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ Азийн хүчирхэг багуудын эсрэг өрсөлдөх итгэлээ олж авах боломжтой.

    Малайзтай хийх тоглолт хамгийн чухал

    Айчи-Нагояа 2026: Монголын эмэгтэй 5х5 шигшээ баг “C” хэсэгт өрсөлдөнө

    Харин Малайзын шигшээ баг FIBA-ийн 2026 оны чансаанд 80 дугаарт бичигдэж байсан бөгөөд Монголын багаас чансааны хувьд найман байр доогуур байна.

    Тиймээс хэсгийн сүүлийн тоглолт Монголын багийн хувьд онцгой ач холбогдолтой. Хэрэв Монголын шигшээ баг хэсгийн эхний хоёр тоглолтоос боломжит үр дүн авч чадвал Малайзын эсрэг тоглолт дараагийн шатанд шалгарах хувь заяаг шийдэх чухал тоглолт болж болох юм. Мөн Азийн наадамд A,B,C хэсэгт нийт 11 баг өрсөлдөх бөгөөд хэсгийн эхний хоёр байр эзэлсэн багууд шууд шигшээ наймд шалгарч, гуравдугаар байр эзэлсэн хоёр шигшээ баг мөн шигшээ наймд шалгарна.

    Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн шинэ сорилт

    Айчи-Нагояа 2026: Монголын эмэгтэй 5х5 шигшээ баг “C” хэсэгт өрсөлдөнө

    Монголын эмэгтэй 5х5 шигшээ багийн хувьд “Айчи-Нагояа 2026” нь тивийн шилдэг багуудтай өрсөлдөх том боломж юм. Ялангуяа сүүлийн жилүүдэд Монголын эмэгтэй сагсан бөмбөг 3х3 төрлөөр олон улсын тавцанд амжилттай өрсөлдөж, FIBA-ийн тэмцээнүүдэд анхаарал татаж байгаа билээ. 2026 оны FIBA 3х3 Women’s Series-д Улаанбаатар Амазонс чансааг тэргүүлж байгаа нь Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн өрсөлдөх чадвар хэрхэн өссөнийг харуулж байна.

    Харин 5х5 төрлөөр Азийн наадмын том тайзан дээр БНСУ, Хятадын Тайвань зэрэг хүчирхэг багуудтай өрсөлдөх нь Монголын шигшээ багийн хувьд өөр түвшний сорилт байх юм.

    С хэсгийн тоглолтын хуваарь:

    Монгол – Хятадын Тайвань /9-р сарын 18-нд 12:00 цагаас/

    Монгол – БНСУ /9-р сарын 21-нд 12:00 цагаас/

    Монгол – Малайз /9-р сарын 22-нд 18:00 цагаас/

    “Айчи-Нагояа 2026” Азийн наадмын эмэгтэйчүүдийн 5х5 сагсан бөмбөгийн тэмцээнд нийт 11 баг оролцож, Монголын шигшээ баг С хэсгээс хасагдах шатанд шалгарахын төлөө өрсөлдөнө.


    📝 Олимпын төрлийн спортыг дэмжигч:

    🤝asahiyaponbaraa - Итгэлийг чанараар.

    🤝 VNG Travel - Европыг танд илүү ойртуулна.