MSports logo
Хасын Хүлэгүүд баг цувралын 3 дах тоглолтод хожиж, сэргэлт авч чадах уу?
  • Т
    Тэлмүүн

    3 сарын 27

  • Хасын Хүлэгүүд баг цувралын 3 дах тоглолтод хожиж, сэргэлт авч чадах уу?

    "Үндэсний дээд лиг"-ийн плэй-оффын 2-р шатанд учраа таарсан Хасын Хүлэгүүд болон Сэлэнгэ Бодонс багуудын цувралд хоёр тоглолт явагдан одоогоор 1:1 харьцаатай тэнцүү үргэлжилж байна. 


    Эхний тоглолтод аваргаа хамгаалахаар зорьж буй Хасын Хүлэгүүд багаараа тун жигд тоглож цувралыг тэргүүлж эхэлсэн. Энэхүү тоглолтод Сэлэнгэ Бодонс багаас Н.Батбаяр болон Ahmad Gilbert нарын тоглолт төдийлөн хүлээлтэд хүрээгүй. 


    Харин цувралын 2 дох тоглолтод дээр дурдсан тоглогчид багийнхаа 97 онооны 53-г нь хамтдаа авч багаа хожилд хөтөлсөн. Мөн цувралын 2 дох тоглолтод олны анхааралд байсан тоглогчид бол Ian Miller, Э.Саруул-Эрдэнэ болон Б.Барсболд нар юм. Гэхдээ сайн талаараа биш. Б.Барсболд хэдий тухайн тоглолтод 17 оноо, алсын зайнаас 5/5 гэсэн сайн тоглолтоо үзүүлж байсан хэдий ч тоглолтын 4-р үед Н.Батбаяр алдаанаас үүдэн талбайг орхих хэрэгтэй болсон. Мөн тэрээр 1 тоглолт өнжих болон ₮500'000 торгуулсан бол Э.Саруул-Эрдэнэ Сэлэнгэ Бодонс багийн Б. Бишрэлт дээр гаргасан алдааны төлөө ₮300'000 торгуулсан билээ.

    Хасын Хүлэгүүд багийг мөн ёс зүйгүй үйлдэл гаргасан хэмээн ₮3'000'000 торгосон. Мөн тоглолтын дундуур Ian Miller өөр дээр нь гаргасан алдаа дээр шүгэл үлээхгүй байна хэмээн шүүгчтэй ам зөрж, 2 техникийн алдаа аван талбайгаас хөөгдсөн юм. Нэг ёсондоо тэрхүү тоглолтод Хасын Хүлэгүүд багаас бүтэлтэй зүйл тун ховор болж өнгөрсөн. Цувралын 3 дахь тоглолт 3 сарын 27-нд болох ба цувралын хамгийн чухал тоглолт ч байж болно.

    Хүндхэн байдалд орсон Хасын Хүлэгүүд баг хожил авч сэргэлт авч чадах уу? Эсрэгээрээ Сэлэнгэ Бодонс баг сүүлийн тоглолтын формоо дахин хадгалж цувралд тэргүүлийг авч чадах уу?

    Сагсан бөмбөг сонирхогч бид урт, сонирхолтой цуврал үзэхийг хүсэж байгаачлан энэ цуврал дөнгөж эхэлж байна.