MSports logo
ДАШТ-2026: Англи, Бельги гайхалтай эргэн ирж, АНУ шөвгийн 16-д шалгарлаа
  • П
    Пүрэвлхагва

    7 сарын 2

  • ДАШТ-2026: Англи, Бельги гайхалтай эргэн ирж, АНУ шөвгийн 16-д шалгарлаа

    Хөлбөмбөгийн ДАШТ-2026 тэмцээний хасагдах шатны тоглолтууд урд шөнө үргэлжилж, гайхалтай эргэн ирэлт, сенсацаар дүүрэн өрнөлөө. Англи, Бельги, АНУ гэсэн гурван баг шөвгийн 16-д шалгарах эрхээ авлаа.

    Англи 2:1 БНАКУ

    ДАШТ-2026: Англи, Бельги гайхалтай эргэн ирж, АНУ шөвгийн 16-д шалгарлаа

    Урд шөнийн эхний тоглолт Английн шигшээ баг болон БНАКУ-ын шигшээ багуудын хооронд явагдаж, тоглолтын ердөө 7 дахь минутад Брайан Сипенга хамгаалагчдыг хуурч, хүчтэй цохилтоор тооны харьцааг нээж, Английг цочирдуулав. Үүнээс хойш Томас Тухелийн залуус бөмбөг эзэмшилт, довтолгоогоор илүүрхсэн ч Конгогийн хаалгач Лионель Мпаси олон удаа гайхалтай хаалтуудаар багаа аварсаар байлаа. Харин Английн шигшээ багийн ахлагч Харри Кэйн эгзэгтэй мөчид багаа аварч чадсан юм. Тэрээр 75 дахь минутад Энтони Гордоны дамжуулалтыг мөргөж, тэнцээний гоол оруулсан бол 86 дахь минутад торгуулийн талбайн гаднаас хүчтэй цохилтоор хожлын гоолыг оруулж, Английг шөвгийн 16-д хөтөллөө. Ингэснээр Английн шигшээ баг шөвгийн 16-д энэ ДАШТ-д хаалгандаа гоол алдаагүй маш сайн тоглолтуудыг хийж буй Мексикийн шигшээ багтай тоглохоор боллоо.

    Бельги 3:2 Сенегал 

    ДАШТ-2026: Англи, Бельги гайхалтай эргэн ирж, АНУ шөвгийн 16-д шалгарлаа

    ДАШТ-ий шигшээ 32-ийн ээлжит тоглолт Бельгийн шигшээ баг болон Сенегалын шигшээ багуудын хооронд явагдаж, Сенегал 25 дахь минутад Хабиб Диаррагийн гоол, 51 дэх минутад Исмаила Саррын гоолын ачаар 2:0-ээр тэргүүлж эхлэв. Гэвч үндсэн цагийн төгсгөлд Бельги гайхалтай эргэн ирэлтийг хийж үзүүллээ.Тоглолтын 86 дахь минутад Ромелу Лукаку гоол оруулж, түүний гоолоос ердөө 3 минутын дараа Юри Тилеманс мөргөж тоог 2:2 болгон нэмэлт цагт шилжүүлэв. Ялагчийг 120+5 дахь минутад VAR-ын шийдвэрээр авсан торгуулийн цохилтоос Юри Тилеманс алдаагүй гүйцэтгэж, Бельги 3:2-оор гайхамшигтай ялалт байгууллаа. Ингэснээр Бельгийн шигшээ баг ДАШТ-ий шөвгийн 16-д энэ ДАШТ-д маш сайн формтой байгаа тэмцээнийг зохио байгуулагч АНУ-ын шигшээ багтай тоглохоор боллоо.

    АНУ 2:0 Босни Херцеговин

    ДАШТ-2026: Англи, Бельги гайхалтай эргэн ирж, АНУ шөвгийн 16-д шалгарлаа

    Хөлбөмбөгийн ДАШТ-ий шигшээ 32-ийн ээлжит тоглолт тэмцээнийг зохион байгуулагч АНУ-ын шигшээ баг болон Босни Херцеговины шигшээ багуудын хооронд явагдлаа. Тоглолтын 45 дахь минутад Фоларин Балоган гоол оруулж, эхний хагаст АНУ-ын шигшээ баг 1:0 харьцаатай илүүрхэв. Гэсэн ч тоглолтын 64 дэх минутад гоолын эзэн Фоларин Балоган улаан хуудсаар торгуулж, тоглолтыг чөлөөлж, АНУ-ын шигшээ баг хүн дутуу тоглохоор болов. Тоглолтын 82 дахь минутад АНУ-ын шигшээ багийн хагас хамгаалагч Малик Тилльман чөлөөт цохилтоос ганган гоол оруулж, 2:0 харьцаатайгаар АНУ-ын шигшээ баг ДАШТ-ий шөвгийн 16-д шалгарлаа. Ингэснээр АНУ-ын шигшээ баг ДАШТ-ий шөвгийн 16-д хүчирхэг Бельгийн шигшээ багтай тоглохоор боллоо.


    📝 Мэдээллийн ивээн тэтгэгч:

    🤝 ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД - Эрүүл хүнсийг Эвт брэндээс

    🤝 VNG Travel - Европыг танд илүү ойртуулна.

    🤝 Selfy - Олон Улсын Дата Сим - Дурсамж дүүрэн аялалд хамтдаа