Испанийн шигшээ багийн залуу од Ламин Ямал Дэлхийн аваргын талбайд тоглох үеийн сэтгэл хөдлөл, зорилго, дарамт шахалт болон ирээдүйн мөрөөдлийнхөө талаар ярилцлаа. Барселона клубийн жигүүрийн довтлогч тэрээр өөрийн тоглолтыг “эрх чөлөөтэй, баяр баясгалантай” гэж тодорхойлдог бөгөөд том тайзан дээр тоглох нь түүний хувьд бага насны мөрөөдлийн биелэл гэдгийг онцолжээ. Мөн Испани улсын шигшээ баг нь энэ удаагийн ДАШТ-д шиллэг 32-т багтаж, хасагдах шатны тоглолтдоо Австрали улсын шигшээ багтай таараад байгаа юм.
Lamine Yamal: Испани хамгийн сайхан хөлбөмбөг тоглож чаддаг
7 сарын 2
Дэлхийн аварга гэхээр танд юу хамгийн түрүүнд бодогддог вэ?
Ламин Ямал: Би багаасаа энэ тэмцээнийг хүн бүр үздэгийг мэддэг байсан. Энэ бол онцгой тэмцээн. Хөлбөмбөг сонирхдоггүй хүмүүс хүртэл эх орноо дэмжээд гарч ирдэг нь хамгийн сайхан зүйл. Би энэ тэмцээний нэг хэсэг болно гэж бодохоор маш их догдолдог.
Та дарамттай үед ч яаж ийм чөлөөтэй тоглодог вэ?
Ламин Ямал: Би багаасаа хийж ирсэн зүйлдээ итгэдэг. Хөлбөмбөг бол миний хамгийн сайн мэддэг зүйл. Тиймээс зүгээр л тоглолтоосоо таашаал авахыг хичээдэг. Ээж, аавыгаа намайг бахархалтай харж байгаа гэж бодохоор бүх дарамт арилсан мэт санагддаг.
“Аз жаргалтай хөл бөмбөг тоглох” гэдэг нь танд яагаад чухал вэ?
Ламин Ямал: Хэрэв би тоглолтоосоо таашаал авахгүй бол бүх зүйл муугаар эргэдэг. Харин аз жаргалтай үед бүх зүйл аяндаа бүтдэг юм шиг санагддаг.
Таний тоглолт орсон үе гэж ярьдаг шүү дээ тийм үед өөрийгөө хэрхэн мэдэрдэг вэ?
Ламин Ямал: Би яг л супер баатар болсон мэт өөрийгөө мэдэрдэг. Илүү хурдан, илүү хүчтэй, бүх зүйл зөв явж байгаа юм шиг санагддаг. Дэлхийн аваргад ч ийм түвшинд хүрэхийг хүсэж байна.
Испани улсын шигшээ багийн хамгийн том давуу тал юу вэ?
Ламин Ямал: Манай тоглогчид бүгд маш өндөр түвшний тамирчид. Бидний тоглолтын хэв маяг бусад багуудаас онцгой. Бид өөрсдийн арга барилдаа итгэдэг болохоор үүнийгээ цааш нь үргэлжлүүлнэ дээ.
Таныг Месси, Роналду зэрэгтэй харьцуулдаг. Та үүнийг яаж хүлээж авдаг вэ?
Ламин Ямал: Миний зорилго бол тэдэнтэй харьцуулагдах биш, харин тэр бүгдтэй нэг түвшинд яригддаг болох. Би өөрийн нэрийг тэр жагсаалтад оруулахыг хүсдэг.
Таныг хамгийн их юу урамшуулдаг вэ?
Ламин Ямал: Хүмүүсийн буруу байсныг харуулах нь надад илүү урам өгдөг. Би тоглолт бүрээрээ өөрийгөө батлахыг хүсдэг.
Та ирээдүйгээ хэрхэн хардаг вэ?
Ламин Ямал: Би өөрийн гараар ирээдүйгээ бүтээж, түүгээрээ хүмүүсийг баярлуулах тоглолт үзүүлэхийг хүсдэг. Хүмүүс миний тоглолтыг олон жилийн дараа ч үзэх дуртай байгаасай гэж хүсдэг.
Хүүхэд насныхаа өөртөө юу гэж хэлэх вэ?
Ламин Ямал: Хэт их бодолгүй тогло. Мөрөөдлөө битгий алд. Чи нэг өдөр Дэлхийн аваргад гоол оруулна.
Испани ДАШТ-д түрүүлж чадах уу?
Ламин Ямал: Тийм гэж найдаж байна. Бид бүхнээ зориулах болно. Хэрэв түрүүлбэл Испани даяар хамтдаа тэмдэглэнэ дээ.
Ярилцлагын төгсгөлд Ламин Ямал Дэлхийн аваргыг өөрийн хувьд “мөрөөдөл бодит болох хамгийн том боломж” гэж тодорхойлж, Испанийн шигшээ багт итгэж байгаагаа дахин онцолсон юм.





