Монгол улсын гавьяат тамирчин Бат-Очирын Сэр-Од Азийн наадмын 1000м-ийн гүйлтийн зайд хурд сорилоо. Манай тамирчны хувьд сүүлийн хоёр Азийн наадам дараалан марафон гүйлтийн төрөлд “Шилдэг 5”-д хурдалсан ба Инчеонд 4, Жакартад 5-р байр тус тус эзэлсэн.
Харин энэ удаагийн Азийн наадамд 5000м болон 10000м-ийн зайд өрсөлдөхөөр мэдүүлэгт багтсан. Энэ удаад 10000м-ийн зайг 30 минут 57.71 секундэд туулснаар 10-р байр эзэллээ. 10000м-ийн гүйлтэнд Бахрейны тамирчин Эфиоп гаралтай Бирхану Балью түрүүллээ. Тэрээр 5 жилийн өмнө Жакартад 5000м-ийн зайд Азийн наадмын аварга болж байжээ.
2023 оны хувьд Б.Сэр-Од гавьяатын хувьд бас нэгэн онцгой жил болон үргэлжилж байгаа. Унгарын нийслэл Будапешт хотноо явагдсан хөнгөн атлетикийн ДАШТ-д оролцсоноор тэсвэр тэвчээр шавхсан 42 км 195м зайн марафон уралдаанд 11 удаа дараалан дэлхийн дэвжээнээ өрсөлдсөн түүхэн амжилтаа ахиулсан. Өмнө нь 10 удаа ДАШТ-д марафон гүйлтээр оролцсон түүний амжилт Гиннесийн номд тэмдэглэгдээд байсан юм. Тэгвэл “Ханжоу-2022” Азийн наадмын албан ёсны цахим хуудас Б.Сэр-Одын намтараас 2024 оны Парисын Олимпод “зодоглоод” их спортоо орхиж дасгалжуулагчийн албанд шилжих зорилготой байгаа гэсэн ярилцлагыг онцолсон юм. Ирэх жилийн наадам манай гавьяат тамирчны хувьд 6 дахь Олимпийн наадам нь болох ба ингэснээр дэлхийн спортын түүхэнд марафон гүйлтээр хамгийн олон удаа Олимпод оролцсон гүйгч болж бас нэгэн шинэ түүх бүтээх билээ.
Б.Сэр-Одын хурд сорих 2 дахь зай, 5000м-ийн уралдаан 10-р сарын 4-ний өдөр явагдах хуваарьтай байна.