Өнөөдөр МҮОХ-ны 8-р чуулган явагдлаа. Ерөнхийлөгчид гурван хүн нэрээ дэвшүүлсэн ч Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга нэрээ татсан. ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, Монголын биатлоны холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир нарын дунд ерөнхийлөгчийн төлөөх санал хураалт явагдсан. Санал хураалтад 151 хүн Б.Баттүшигт, 12 хүн Э.Мөнх-Очирт санал өгч, хоёр санал хүчингүй болсон байна. Ингэснээр Б.Баттүшиг 92 хувийн саналаар ялалт байгуулж, МҮОХ-ны 14 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Батболдын Баттүшиг нь Олон улсын олимпийн хорооны гишүүн, Зүүн Азийн олимпийн хороодын Зөвлөлийн дэд ерөнхийлөгч болон МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж ирсэн. “Алтай Холдинг” ХХК, “И-Март”, “Скайтел” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажилладаг. Ингээд МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшигийн ярилцлагыг уншигч та бүхэнд хүргэж байна.
- Юуны түрүүнд танд дийлэнх саналын дүнгээр МҮОХ-ны ерөнхийлөгч болсонд баяр хүргэе!
Маш их баярлалаа. Манай олимпийн хорооны гишүүд бүгдээрээ өнөөдөр ирсэн, саналаа өгөөд итгэл хүлээлгэж байгаад би маш их баярлаж байна. Сүүлийн 5 жил цар тахалтай хэцүү жилүүд байлаа. Манай олимпийн хорооны гишүүд нэгдмэл байж чаддаг. Өнөөдөр сэтгэл маш их өндөр байна.
- Таныг хүмүүс би бизнесс эрхэлдэг гэдгээр илүү мэддэг. Сүүлийн жилүүдэд Монголын бадминтоны холбооны ерөнхийлөгчөөр төдийгүй МҮОХ, ОУОХ-ны гишүүнээр ажиллаж багагүй спортын туршлага хуримтлуулсан. Энэ хугацаанд спортыг тэр дундаа МҮОХ-г бүтэц бүрэлдэхүүн, үйл ажиллагаа ямар байгаасай гэж харсан бэ?
Би мөрийн хөтөлбөр дээрээ ярьсан. МҮОХ бол ОУОХ-ны жишгээр явах ёстой. Олон улсын олимпийн хороо бол жендерийн тэгш байдлыг хангаж ажилладаг. Эмэгтэйчүүдийн комиссоо илүү анхаарч ажилладаг, тамирчиддаа суурилсан хөтөлбөрүүдийг илүү явуулдаг. Олон улсын аудитын компаниар МҮОХ-ны санхүүг жил бүр шилэн байлгая. Нээлттэй байлгах хэрэгтэй. Бүх зүйл дижитал болчихлоо. Дижиталаар программуудаа хийж болно, хөтөлбөрүүдээ хийж болно. Тайлангуудаа тавьж болно. Хүмүүс олимпийн хорооны вебсайт руу ороод МҮОХ гэж юу байдаг, тамирчидтайгаа хэрхэн уялдаа холбоотой дэмжиж ажилладагийг мэддэг байлгах үүднээс дэмжиж ажиллана.
- Таны хувьд “Токио-2020” зуны олимпод Монголын багаа ахлаж оролцсон. Мөн “Бээжин-2022” өвлийн олимпод медаль гардуулах ёслолд ОУОХ-ны гишүүний хувиар оролцож ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бахтай уулзалт хийж байсан. Энэ ажлуудын үед олон улс талдаа юу төлөвлөсөн бэ?
Би ОУОХ-ны гишүүн болсноосоо хойш хэлж байгаа зүйл ганц би ОУОХ-ны гишүүн гэсэн үг биш. Надаар дамжуулаад аймаг, сум, дүүргээрээ платформ болж болноо. Олон улсын хөтөлбөрийг Монголд, олон улсын чуулганыг Монголд, Ази тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдийг Монголд авчрах боломжтой гэж харсан. Ялангуяа аялал жуулчлалын шугамаар яамдуудтай хамтарч, Монгол соёл ахуй, аялал жуулчлалыг спорттой хослуулж Монгол руу олон улсын анхаарлыг татах боломжтой гэж үзэж байгаа.
-Өнгөрөгч олимпийн наадмуудад “Olympic House” монгол гэр ахуйг виртуал байдлаар сурталчилсан. Цаашдын наадмуудад илүү бодитоор харуулна гэж төлөвлөж байгаа талаар сонссон?
Парис-2024 зуны олимпод ямар нэгэн буудалтай гэрээ байгуулж, монгол гэрээ аваачих. Монгол гэр дотор Монгол түүх, соёл үзүүлбэрүүдийг харуулах. World expo house гэж болдог шиг үүгээр дамжуулж Монгол өв соёлыг спортын наадмуудын үеэр сурталчлах боломжтой. Сая Токиод цар тахлын үеэр Монгол гэр аваачих гэж байгаад чадсангүй, дижитал виртуал байдлаар хийсэн бол Парист яг Монгол гэрээ аваачиж, бодитоор суртачлан таниулах зорилготой байгаа. Энэ нь маркетинг буюу олон улсын харилцаа тал дээр анхаарч ажиллана гэсэн үг.
- Сүүлийн жилүүдэд МҮОХ-г тойрсон хэл ам их байлаа. Ялангуяа удирдлага, дэд бүтэц тал дээр. Одоо сонгогдож байгаа бүтэц бүрэлдэхүүн, шинэ циклд ямар байж, юун дээр анхаарвал спортыг тойрсон хэл ам багасна гэж бодож байна?
Би удирдах зөвлөлийнхөндөө талархлаа илэрхийлмээр байна. Бид эв нэгдэлтэй, сайн ажилласан. Ирээдүйд бид залуучуудыгаа сайн бэлтгэх хэрэгтэй юм байна. Олон улсын хөтөлбөрүүдийг мөрийн хөтөлбөр дээрээ ярьсан. “Memos”, “Dream Together”гээд Монгол залуусыгаа олон улсын хөтөлбөрүүдэд оролцуулж, олон улсын байгууллагуудад илүү ажиллаж, тэгээд буцаж Монголдоо олимпийн хороонд яаж дэлхийн жишигт нийцүүлж ажиллах ёстойн бэ гэдэг тэр зам руу нь оруулмаар байгаа.
-Шинээр сонгогдсон нийт гишүүд, төлөөлөгчиддөө юу гэж уриалмаар байна?
Манай зөвлөлийн гишүүд сүүлийн жилүүдэд сайн ажилласан. Спорт дахь эмэгтэйчүүд комиссын дарга Т.Амаржаргал эгч маань “Mongolia House”-г хэрэгжүүлээд явсан. Ирээдүйд сонгогдох гишүүд маань нэгдмэл бодолтой. Хамтдаа гэсэн үгийг нэмсэн. Хамтдаа байхын бол спортын төлөө явах юм байна. Комиссуудаа гишүүд маань сайн хариуцаад, илүү идэвхитэй байгаасай.
- Баярлалаа, танд амжилт хүсье.
Н.Бэлгүүн