1997.12.25-нд төрсөн. Айлын том хүүхэд. Ам бүл зургуулаа. Доороо гурван дүүтэй. Хоёр эмэгтэй, нэг эрэгтэй дүүтэй. Манай гэр бүлд спортын удам байхгүй. Манай аав, ээж хоёр Улаанбаатар хотод төрсөн. Аав Архангай аймгаас гаралтай. Ээж маань Сэлэнгэ аймгаас гаралтай. Аав, ээж хоёр цэргийн хүмүүс, хоёр өвөө маань цэргийн хүмүүс. Ээжийн талынхан ихэнх нь цэргийн хүмүүс. Аавын маань талынхан Буянт Ухаа нисэх онгоцны буудалд насаараа ажилласан хүмүүс байдаг. Би өөрөө Нисэхэд төрж өссөн. Бага байхдаа нээх задгай байгаагүй, даруухандуу хүүхэд байсан. Одоо бол нөхөр, хүүгийн хамт гурвуулаа амьдардаг. Манай хүүхдийг манай аав, ээж, дүү нар, эмээ, аавын ах дүү нар, ээжийн ах дүү нар. Хадмууд, хадам ээж, хадам эгч нар маш сайн хардаг. Бид хоёрыг байхгүй, ажилтай үед хүүг маань анхаарч, харч өгдөг. Ардаа санаа зовох зүйлгүй. Хоёр талын бүхий л хамаатан садангууд бүгдээрээ нийлж энэ цаг хугацаанд бид хоёрыг дэмждэг. Тэрэнд нь маш их баярлаж явдаг. Хүний амжилтын хамгийн том үндэс суурь нь гэр бүлийн дэмжлэг гэж би ойлгож явдаг. Гэр бүлийнхэн бид хоёрыг маш сайн ойлгож, дэмждэг учраас бид хоёр ажилдаа анхаарлаа төвлөрүүлдэг. Спортын хугацаа бол цөөхөн жил байгаа. Насаараа төмөр өргөөд явахгүй, спортын энэ богинохон хугацаандаа ар гэр тал дээр санаа амар явж байгаадаа их баярлаж, талархдаг.
5-р ангиасаа штангаар хичээллэж эхлээд өөрийгөө олсон юм шиг мэдрэмж төрсөн. Штанг өргөсний дараа ээжийн маань аавын эгчийн нөхөр Мюнхений олимпын наадамд оролцож байсан Доржханд хүн гэж байсан.. Тэр хүнтэй уулзаж байсан. Хүүхэд нь Ихбаяр гээд гурван үеэрээ хүндийн өргөлтөөр хичээллэсэн ийм хүмүүс байсан. Хамгийн анх Цэрэнням багштайгаа уулзаад хүндийн өргөлтийн спортыг сонирхож хичээллэж эхлээд дараа нь Доржханд ах маань намайг Спортын Төв ордонд авчирч Чулуунпүрэв багш, Гансүх багшийн удирдлага дор өгч байсан. Энэ спортоороо 2008 оноос хойш 10 нас 3 сартайгаасаа хичээллэж эхэлсэн. Татагдсан шалтгаан нь өргөж байгаа мэдрэмж нь, би энэ зүйлийг чадаж байна гэдэг мэдрэмж нь маш их гоё байсан. Спорттой холбоотой хамгийн нандин зүйл нь тэмцээн дээр өргөх ёстойгоо төлөвлөсөн жингээ өргөж чадаж байгаа тэр үеүд хамгийн нандин байдаг. Ялангуяа медалийн төлөө шийдвэрлэх өргөлтүүдийг хийж байгаа мөчүүд хамгийн гоё. Оролтуудаа алдахгүй барих мэдрэмжүүдийг авахыг хүсэж дурладаг учраас өргөж, хүндийн өргөлтөөрөө тууштай байдаг.
Чөлөөт цагаараа жүжиг үзэх дуртай. Жүжгийн бэлтгэл, үйл явцуудыг харж, тархиа цэнэглэх дуртай. Сонгодог урлагт дуртай. Бас кино их үздэг. Дуртай кино гэх юм бол би Харри Поттерийн үнэнч бишрэгч фэн нь. Хэдэн удаа үзсэн ч уйдахгүй. Романтик төрлийн кинонд бас дуртай. Ид шидтэй төрлийн кинонд илүү их дуртай. Би өөрөө хийсвэр сэтгэлгээ өндөртэй байдаг болохоор яагаад ч юм дэлхий дээр ид шидтэй хүн байдаг ч юм шиг заримдаа санагдаад байдаг. Ид шидтэний тухай их зүүдэлдэг. Үеэл ах бид хоёр ойрхон өссөн. Агаа бид хоёр жоохон байхад манайд кино их үздэг байсан. Харри Поттерт манай ах намайг оруулсан. Агаагаа дуурайгаад хүүхэд байхаасаа төсөөлөл өндөртэй өссөн. Спортод ч гэсэн энэ чанар нь их хэрэгтэй байдаг гэж боддог. Бодит байдлаас давж, төсөөлөн бодож чаддаг. Заримдаа өөрийгөө ШИДТЭН болчихсон байна гэж хүртэл төсөөлдөг. Чөлөөт цагаараа ном мөн унших дуртай. Мэдээ, мэдээлэл гэхээс илүү уран зохиолын ном уншиж, тухайн зохиолдоо орж уншдаг. Дууны хувьд бүх төрлийн дууг сонсдог. 2000-2015 хүртэл жоохон байхдаа Хип хоп хамтлагууд түлхүү сонсдог байсан. Outlaw, Opozit, IceTop, No Name гээд тиймэрхүү төрөл жанрын дуу сонсдог байлаа. Зохиолын дуу ч гэсэн сонсоно. Ер нь тухайн нөхцөл байдлаасаа болоод олон төрлийн дуунууд сонсох дуртай. Тэмцээний хувьд харин тусдаа list үүсгэж байгаад аль болох Эх орны холбогдолтой дуу сонсож төвлөрдөг. Тэмцээн рүү явж байхдаа, замдаа ч юм уу нүдээ аниад төвлөрч сонсдог. Тэмцээнээс 30 минутын өмнө Эх орны сэдэвтэй дуу сонсоход цаг гаргадаг. Тэмцээний өмнө хамгийн их сонсдог дуу гэвэл дуучин Отгонжаргал эгчийн дуулснаар “Өнө Мөнх Орон”, Хурдын Эх орны тухай дуунууд сонсдог. Бусад үед бол ХИП ХОП үүрд.
Миний амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэр миний хүүхэд байсан. Эд карьерийнхээ үед хүүхэдтэй болох шийдвэр гаргасан, тэрэндээ маш их баярладаг. Нөхөртэйгөө сууж, хүүхэдтэй болсон минь хамгийн зөв шийдвэр гэж боддог. Хүүхэд гаргахын өмнө нурууны бэртэлтэй байсан. Хүмүүс нээх их мэддэггүй. Нурууны бэртэлтэй байсан учраас нэг жил амрах хэрэгтэй болсон, ахиж бэртэл дээрээ нэмж ачаалал авахгүйн тулд. Тэр хугацаандаа хүүхэдтэй болох гэж төлөвлөж байгаад эмчилгээ хийгээд төрсөн. Энэ бол миний амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэр. Хүүхэдтэй болсны дараа буцаад өргөж эхлэхэд миний нуруу өвдөхөө больсон байсан. Гэр бүлийн үнэ цэнийг мэдрээд илүү том зорилготой болж, ээж болсноос хойш амьдралыг харах өнцөг, бүх юм маш өөр болсон. Айлын бэр болоод, хүний эхнэр болоод тусдаа амьдрал зохиогоод маш их зүйлийг сурч авсан.
Дуртай хоол гэвэл ногоотой шөлөнд дуртай. Дан ганц ногоотой шөл гэхээс илүү хууцай, борщ гэх мэт ногоо орсон бүх төрлийн шөлөнд дуртай. Тийм хоолыг бол хэдэн аяга ч хамаагүй идцэн байдаг. Мөн халуун ногоотой хоолонд дуртай. Кимчи дангаар нь барьж байгаад иддэг. Ер нь Солонгос маягийн... халуун ногоотой төрлийн хоолонд дуртай. Манай ээж ногоотой шөлийг их гоё хийдэг, би бас өөрөө ногоотой шөл гоё хийдэг. Өөрөө ногоотой шөл хийгээд тогооныхоо бараг талыг ганцаараа иддэг.
Эрэгтэй хүний оронд нэг өдөр орж үзэх боломж гарах байсан бол дотоод сэтгэлзүйг нь мэдмээр санагдаж байна. Эрэгтэй хүмүүс чинь гаднаа хатуу, их лаг юм шиг байдаг хэр нь ээ дотроо бол эмэгтэй хүмүүсээс бараг эмзэг ч юм шиг. Ялангуяа Монгол эрэгтэйчүүдийг эр хүн байж чанга бай гээд байдаг. Гаднаа хэдий чанга байсан ч гэсэн дотроо их зөөлхөн байдаг юм шиг санагддаг. Гадна, дотор байдалтайгаа яаж зөрчилдөж байгааг нь мэдэрч үзэхийг хүсэх байсан. Манай нөхрийн хувьд маш сайн дэмжигч, бүх зүйлийг хүлээцтэй сонсдог. Халамжтай, шууд наль, наль гэж романтиклаад байхгүй ч гэсэн алсуураа их халамжтай. Маш их анхаарал халамж тавьдаг, зөндөө их гэнэтийн бэлэг, сюрприз барьдаг. Намайг баярлуулах гэж их хичээдэг. Бас их үнэнч, гаднаа жоохон ширүүндүү хэр нь ээ дотроо зөөлхөн байдаг. Тэр занд нь дуртай. Бусдыг их энэрч хайрладаг. Ер нь нөхрийнхөө бүх юманд дуртай. Ялангуяа жүжигчний мэргэжилд нь бүр маш их хайртай, мэргэжлээр нь маш их бахархдаг. Бүх юмыг миний хүссэнээр хийдэг. Гэр бүл болоод 6 жил болж байгаа энэ хугацаанд амжилт, амьдралын том, том шийдвэрүүдийг гаргахад бэлтгэлээ боль ч гэх юм уу, өнөөдөр нэг удаа чөлөө авчих гэх зэргээр нэг ч удаа хойш татаж, ийм төрлийн үг хэлж үзээгүй. Дандаа миний дуртай зүйл, хийхийг хүсдэг зүйлүүдийг маш их хүндэлдэг. Тийм учраас эргүүлээд би өөрийнх нь дуртай зүйлүүдийг хийлгэж, хүндлэх гэж хичээдэг. Нөхрийнхөө бас үнэрт нь их хайртай. Үнэр нь таалагддаг. Муудалцсан үедээ хараагүй байхад нь хувцсыг нь үнэрлэж инээдэг. Гэр бүлийнхээ бүх юмыг хамтдаа хийдэг. Хоёулаа хоёр талд их завгүй байдаг болохоор нөхрийн завгүй үед би хоолоо хийнэ, гэрээ цэвэрлэнэ. Нөхөр бас миний завгүй үед гэрийн ажлаа хийнэ. Аль, алиныхаа ажил, зав зайг харж, харилцан ойлголцож юмаа хийдэг. Чи ингэ, чи тэгэх ёстой ч гэх юм уу ерөөсөө тийм байхгүй, бүх ажлаа хувааж хийдэг. Тэр үзэл нь их гоё санагддаг. Хүүдээ бас маш сайн аав. Хүүдээ ч надад, бид хоёрт их анхаарал тавьдаг болохоор ард талдаа санаа зовох шаардлага гардаггүй.Тэмцээнтэй үедээ би байрлаж явах үедээ ард тал руугаа санаа зовдоггүй, нөхөр маань маш сайн хань байж чаддаг.
Миний гаргасан онцлох амжилтууд гэх юм бол насанд хүрэгчдийн Ази тивийн хошой аварга. Залуучуудын дэлхийн аварга, оюутны дэлхийн аварга. Насанд хүрэгчдийн 4 удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 6 медальтай. Нэг алт, гурван мөнгө, хоёр хүрэл медальтай. Цаашдын зорилго гэх юм бол 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон Парисын олимпийн наадамд өндөр амжилт гаргах. Зорилгынхоо төлөө тууштай бэлтгэл, сургуулилтаа хийж байна. Оролцсон тэмцээн, уралдаан бүртээ эх орныхоо нэрийг өндөрт өргөж, дандаа медаль авахыг эрмэлзэж байна. Өнгөрөгч 2022 онд хүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн эмэгтэй тамирчин Монголоос оролцсон. Охидууд маань дөрвүүлээ медаль авсанд би маш их баяртай байсан. Ази төдийгүй дэлхийд Монголчууд олуулаа, багаараа сайн байгаа, амжилт улам бүр өсч байгаа гэдгийг харуулж, багштайгаа бөөндөө баярлаж байсан үе их сайхан санагддаг.
Миний амьдралд чухал гэж үздэг зүйл бол хүн өөрийнхөө дуртай зүйлийг хийж, тэрнээсээ кайф авч чадах юм бол амьдралынх нь аз жаргалын 80, 90 хувь байдаг юм шиг санагддаг. Стресс байхгүй. Том зорилготой байж зорилгынхоо төлөө хийж байгаа зүйлстэй байхаар гэртээ хариад стресстэхгүй, бусад бүх үед стресс багатай. Хүн өөрийнхөө дуртай зүйлийг чин сэтгэлээсээ хийх юм бол амжилт заавал ирдэг. Шантрах үедээ дуртай зүйлээ хийгээд тэр зүйлийнхээ ард заавал гарахын төлөө зүтгэх нь чухал байдаг гэж боддог. Миний амьдарлдаа баримтладаг бас өөр нэг зүйл бол аливаа амжилт ганц хүний хөдөлмөр байдаггүй. Намайг энэ хүн болоход нөлөөлсөн цэцэрлэг, арван жилийн багш нар ээж, аав, найз нөхөд гээд олон хүмүүс өнөөдрийн намайг бүтээлцсэн. Тамирчин хүнд дэмжлэг маш их чухал. Надад дэмжлэг үзүүлсэн бүх хүмүүст талархдаг. Одоо гаргасан амжилтаа өндөр байшинтай зүйрлэвэл тэр байшингийн шат, гишгүүр бүрт тусалсан хүн бүрийнхээ итгэлийг алдахгүйн тулд хичээдэг. Үлгэр дуурайлал авдаг, яг шүтдэг хүн гэж байхгүй.
Сэтгэлээр унасан үедээ энэ болж байгаа зүйл цаг хугацаатай, хүний амьдралд жаргал, зовлон угаасаа ээлжилдэг гэж боддог. Тухайн үед байгаа хэцүү зүйл хэсэг хугацааны дараа мартагдаад дахиад их жаргалтай болно гэж боддог. Зарим зүйлийг заавал сөрж, тэмцэх шаардлага байхгүй, зүгээр урсгалаараа явж байтал шийдэгдэж, болно гэж хардаг. Жишээ нь бэртэл гэмтэл авлаа гэхэд цаг хугацааны дараа эдгэж л таарна, цаг хугацаа бүх зүйлийг эмчилнэ, анагаана. Нэгэнт ийм зүйл болчихлоо одоо яахуу, дарагийн алхамаа яаж хийх үү гэж боддог болохоор сэтгэл гутрал, сэтгэл унасан зүйлийг хурдан давж гарч чаддаг гэж боддог.
Super Power-тай болох боломж байх байсан бол шившлэг хэлээд бүх төрлийн шид гаргаж чаддаг болох байсан байх. Шившлэгтээ их суралцаад, шинэ шившлэг хэлж, чадаж байвал тэр нь их гоё санагдана. Харри Поттерт дуртай гэж хэлсэн шиг би өөрөө шившлэг хэлээд олон янзын юм чаддаг болвол гоё байх байсан. Бүгдийг нь шууд чадаж, одоо ингэнэ, тэгнэ гэхгүйгээр шивлэгнүүд хэлж, цээжилж, тэр чадвараа сайжруулж аливааг чаддаг болвол гоё санагдана. Бүх юмыг шууд хийж чаддаг болчихвол амьдрал сонирхолгүй болчих юм шиг санагддаг.
Би цуглуулгатай. Хүүхэд байхаасаа “Eifel Tower” Эйфелийн цамхаг цуглуулж ирсэн. 2011 оны хүндийн өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Парист болж байсан. Тэр үед нас хүрээгүй учраас явж чадаагүй. Доод тал нь 15 нас гэж заасан байхад би өөрөө 14 настай байсан болохоор явах боломж гараагүй. Амьдралдаа ганцхан тэгж Парис руу явах боломж байсан ч явж чадаагүй. Одоо яг насаараа цуглуулсан Парисын Эйфелийн цамхгийнхаа хэргийг гаргах байх гэж бодож байгаа. Парисын олимпын тов гараагүй байхад бүр бага байхаасаа л Эйфелийн цамхаг цуглуулж эхэлсэн. Надад Эйфелийн цамхгийн сувинерууд нэлээн их байдаг. Цамхгууддаа их хайртай. Миний хамгийн хайртай хоёр цамхагийг аав, багш хоёр маань өгч байсан. Тэр хоёртоо үнэхээр хайртай. Манай аав Афганистанд байхдаа гудамжинд чулуугаар юм хийдэг хүмүүсээр Эйфелийн цамхгийн зургийг нь харуулж байгаад надад цамхаг хийлгэж ирсэн байсан. Тэр цамхаг нь яг харах юм бол Эйфелийн цамхаг шиг биш зүгээр гурвалжин, төстэй ч юм шиг сонирхолтой санагддаг. Тэрэндээ их хайртай. Мөн намайг Туркменстанд Ашгабатад Танхимын Азийн наадамд явж байхад багш надад алтан Эйфелийн цамхаг авч өгч байсан тэр хоёртоо их хайртай.