MSports logo
САГСАН БӨМБӨГЧИН Б.ГРИНЕР ЕСӨН ЖИЛИЙН ХОРИХ ЯЛЫН ЭСРЭГ ДАВЖ ЗААЛДЛАА
  • А
    Админ

    8 сарын 15

  • САГСАН БӨМБӨГЧИН Б.ГРИНЕР ЕСӨН ЖИЛИЙН ХОРИХ ЯЛЫН ЭСРЭГ ДАВЖ ЗААЛДЛАА

    АНУ-ын сагсан бөмбөгийн тамирчин бүсгүй Бритни Гринер Орос улсаас хил давахдаа хар тамхитай холбоотой хэрэгт холбогдож, есөн жилийн хорих ял сонсоод байгаа. Тэгвэл түүний Орос дахь өмгөөллийн баг хар тамхины хэргээр есөн жилийн хорих ялын эсрэг давж заалдсан байна. Олимпийн хошой аваргын өмгөөлөгч Мария Благоволина Гринерийг суллахын тулд Орос, АНУ хоёр хоригдол солилцох талаар хэлэлцээ хийж байх хооронд хүлээгдэж буй алхамаа баталжээ. Америк тамирчинг 2-р сарын 17-нд Москвагийн ойролцоох нисэх онгоцны буудлаас түүний тээшнээс каннабис агуулсан тамхины хайрцаг олсны дараа баривчилсан юм. Гринер гэм буруугаа хүлээсэн боловч яаран нисэх гэж байгаад "шударга алдаа" хийсэн гэж мэдэгджээ. 8-р сарын 4-нд Гринер сэтгэл санааны хувьд эцсийн хүсэлтээ гаргасан ч хар тамхи хадгалсан, хууль бусаар хил давуулсан хэргээр есөн жилийн хорих ял оноосон. АНУ-ын Засгийн газар Гринерийг "буруу баривчлагдсан" гэж үзэж байна. АНУ-д 25 жилийн хорих ял эдэлж буй Оросын зэвсгийн наймаачин Виктор Бутыг 2018 оноос хойш Орост тагнуулын хэргээр хоригдож байгаа компанийн гүйцэтгэх захирал Пол Уилан, Гринер, нартай солих тухай хэлэлцээ хийгдэж байгаа юм. 

     
    ОХУ-ын ГХЯ-ны Хойд Америкийн газрын захирал Александр Дарчиев өнгөрсөн долоо хоногт "Виктор Бутыг суллахыг удаан хугацаанд эрэлхийлсээр ирсэн" гэж Оросын төрийн мэдээллийн ТАСС агентлаг мэдээлсэн. "Орос, АНУ-ын шоронд хоригдож буй иргэдийг солилцох маш эмзэг сэдвийн хэлэлцүүлэг манай Ерөнхийлөгч нарын тодорхойлсон сувгийн хүрээнд болж байна" гэж Дарчиев нэмж хэлжээ. Дөрөвдүгээр сард АНУ-ын тэнгисийн цэрэг асан Тревор Рид, Оросын нисгэгч Константин Ярошенко нар суллагдсаны дараа Дарчиев хоригдлуудын солилцоог сайшаасан байна.

    Гринерийн есөн жилийн хорих ял нь түүний буруутгагдаж байсан хамгийн дээд тал нь 10 жилийн ялтай ойролцоо байгаа юм. Өдгөө 31 настай тэрбээр 2014 оноос хойш төлөөлж буй Оросын Премьер лигийн UMMC Екатеринбург клубт тоглохоор Орос руу нисч байжээ. Гринер Рио 2016, Токио 2020 олимпоос сагсан бөмбөгийн алтан медаль хүртсэн тамирчин билээ.

     Н.Бэлгүүн