Монголын Волейболын холбооноос жил бүр зохиогддог Үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолтууд өчигдөр өндөрлөлөө. Эмэгтэйчүүдийн хоёрдугаар тойргийн дараах байдлаар Хөвсгөл Эрчим баг 12 хожил, 2 хожигдолтойгоор нийт 34 оноо авсан амжилттайгаар тэргүүн байранд жагсаж байна. Тэдний эхний тойрогт нэг ч хожигдол амсаагүй байсан бол хоёрдугаар тойрогт хоёр ялагдал хүлээжээ.
Тэдний араас хоёрдугаар тойрогт маш сайн амжилттай буюу 7 тоглолтоос 6-д нь хожил байгуулсан Хилчин баг 10 хожил 2 хожигдолтой нийт 29 оноо цуглуулан хоёрдугаар байрт дэвшин орж ирлээ. Эхний тойрогт 2-р байраар шалгарсан Тэнүүн Огоо багийнхан хоёрдугаар тойрогт 4 хожил байгуулж мөн 10-4 амжилттай 29 оноо бүртгүүлэн 3-р байрт бичигдэж байна.
Улаанбаатар Финикс баг 4 хожил байгуулан 8-6 амжилттай 25 оноо, Ховд Ижил Алтайн Барс баг мөн адил 4 хожил байгуулж 6-8 амжилттай 19 оноотойгоор хүснэгтийн 4, 5-р байруудад жагсаж байна. БНСУ-аас дасгалжуулагч болон легионеруудаар хүчээ зузаатгасан Энагурэ баг хоёрдугаар тойрогт маш сайн тоглосон ч өмнөх тойргийн хожигдлуудын улмаас 6 хожил 8 хожигдолтойгоор 6-р байрт, Хобби Эйс баг 3-11 амжилттайгаар 7-р байрт, Хашхан баг ердөө нэг хожил 13 хожигдолтойгоор 8-р байруудад бичигдээд байна.
Багууд шинэ легионер тамирчдаар хүчээ зузаатгаж, нийлбэр оноонууд ойролцоо яваа тул гуравдугаар тойргийн тоглолтууд улам бүр ширүүсэх нь тодорхой болж байна. Дараагийн тойрогт ямар 4 баг хагас шигшээд шалгарах нь тодрохоор боллоо.