MSports logo
ЗААШТ 2026: Монголын шигшээ баг гайхалтай ялалт байгууллаа
  • П
    Пүрэвлхагва

    8 сарын 6

  • ЗААШТ 2026: Монголын шигшээ баг гайхалтай ялалт байгууллаа

    Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо “АСА АРЕНА”-д зохион байгуулагдаж буй 2026 оны Зүүн Азийн эрэгтэйчүүдийн Волейболын аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 5-нд албан ёсоор нээлтээ хийж, эхний өдрийн гурван тоглолт үзэгчдийн сонирхлыг татсан өрсөлдөөнөөр дүүрэн боллоо. Зүүн Азийн шилдэг багуудын өрсөлдөөн эхний өдрөөсөө л өндөр түвшний тоглолтуудыг үзүүлж, тэмцээний уур амьсгалыг бүрдүүлэв.

    Хятадын Тайвань 3:0 Макао /25:14; 25:16; 25:17/

    ЗААШТ 2026: Монголын шигшээ баг гайхалтай ялалт байгууллаа

    Өдрийн эхний тоглолтод Хятадын Тайваны шигшээ баг Макаогийн шигшээ багийг 3:0 (25:14, 25:16, 25:17)-ийн харьцаагаар илүүрхэн буулган авч, тэмцээнийг ялалтаар эхлүүллээ. Тайваны шигшээ баг довтолгоо, хаалт, хамгаалалтын бүх үзүүлэлтээр өрсөлдөгчөөсөө давуу байж, ердөө гурван үед асуудлыг шийдвэрлэн дараагийн тоглолтууддаа өндөр итгэлтэй оролцох эхлэлийг тавив.

    БНСУ 3:1 Япон /25:20; 23:25; 25:21; 25:19/

    ЗААШТ 2026: Монголын шигшээ баг гайхалтай ялалт байгууллаа

    Үүний дараа болсон өдрийн онцлох тоглолтод Өмнөд Солонгосын шигшээ Японы шигшээтэй хүч үзэж, дөрвөн үе үргэлжилсэн ширүүн өрсөлдөөний эцэст 3:1-ийн харьцаагаар ялалт байгууллаа. Өмнөд Солонгос болон Японы шигшээ багуудын эхний хоёр ээлж 1:1 харьцаатайгаар өндөрлөсөн ч Солонгосчууд туршлага, тоглолтын хэмнэлээр илүүрхэж дараалан хоёр ээлжийг өөрийн болгосноор тэмцээний эхний ялалтаа байгууллаа. Энэхүү тоглолт нь аваргын төлөө өрсөлдөх гол фаворитуудын нэг болох Өмнөд Солонгос ямар бэлтгэлтэй ирснийг харуулсан тоглолт байлаа.

    Хонгконг 0:3 Монгол /17:25; 21:25; 23:25/

    ЗААШТ 2026: Монголын шигшээ баг гайхалтай ялалт байгууллаа

    Харин Монголын хөгжөөн дэмжигчдийн хамгийн их хүлээсэн өдрийн сүүлийн тоглолтод талбайн эзэн Монголын шигшээ баг Хонконгийн шигшээтэй учраа таарч, нутаг нэгт хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө гайхалтай тоглолтыг үзүүлэв. Монголын шигшээ тоглолтын эхнээс санаачилгыг бүрэн гартаа авч, хүчтэй давуулалт, үр дүнтэй довтолгоо, найдвартай хаалтаараа давамгайлсаар Хонконгийг 3:0-ээр буулган авлаа. Ийнхүү Монголын шигшээ баг тэмцээнийг гайхалтай ялалтаар эхлүүлж, хагас шигшээд өрсөлдөх боломжоо эрс нэмэгдүүлэв.

    Ингэснээр “А” хэсгийн Монголын шигшээ баг 3 оноотойгоор тэргүүлж байгаа бол “B” хэсгийг Хятадын Тайвань болон БНСУ-ын шигшээ багууд 3,3 оноотойгоор хэсгээ тэргүүлж байна.

    ЗААШТ-ий 08-р сарын 06-ны хуваарь:

    Япон – Макао /13:30 цагаас АСА АРЕНА/

    БНСУ – Хятадын Тайвань /16:30 цагаас АСА АРЕНА/

    БНХАУ – Хонгконг /19:30 цагаас АСА АРЕНА/

    Гэрэл зургийг: Монголын Волейболын Холбоо - Mongolian Volleyball Association MVA