MSports logo
NBA-Н ТОГЛОГЧ АСАН ТЕРРЕНС УИЛЬЯМС ЗАЛИЛАНГИЙН ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЛӨӨ
  • А
    Админ

    8 сарын 29

  • NBA-Н ТОГЛОГЧ АСАН ТЕРРЕНС УИЛЬЯМС ЗАЛИЛАНГИЙН ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЛӨӨ

    Бусадтай хуйвалдан NBA-н эрүүл мэндийн сангаас олон сая доллар залилсан хэргээр шалгагдаж байсан Терренс Уильямс өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Манхеттанд болсон шүүх хурлын үеэр гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч уучлалт гуйжээ. Терренс Уильямс бусдын хувийн мэдээллийг ашиглан NBA-с мөнгө залилах хэргийг толгойлсон хэргээр шалгагдаж байсан бөгөөд гэрчийг заналхийлсэн гэх үндэслэлээр энэ оны эхэнд баривчилсан байна. Энэ хэрэгт Терренс Уильямс-аас гадна NBA-д тоглож байсан 14 тоглогч холбогдож 2021 оноос шүүхээс шалгаж эхэлсэн юм.  Тэрбээр 2017-2021 он хүртэл 5сая долларын хуурамч нэхэмжлэлийг NBA-д гаргасан мөн бусад тамирчдад хуурамч бичиг баримт бүрдүүлж өгдөг байсныхаа төлөө 300,000 доллар авдаг байсныг шүүхээс тогтоожээ. Шүүхээс түүний шийтгэлийг ирэх нэгдүгээр сард танилцуулах бөгөөд бусадтай хуйвалдан хууран мэхэлсэн гэмт хэргийн шийтгэл нь 20 хүртлэх жилийн хорих ялтай байдаг бол хувийн мэдээлэл хулгайлсан хэрэг нь дунджаар 2 жилийн хорих ялтай байдаг байна.

    Терренс Уильямс 2009 оны NBA-н драфтын 11-дэх сонголтоор Нью Жерси Нетс багт сонгогдож 2012-13 оны улирал хүртэл нийт дөрвөн улирал NBA-д тоглосон байдаг. Тэрбээр NBA-д 4 өөр багт 4 жил тоглосон. Замналдаа Нью Жерси Нэтс, Хьюстэн Рокетс, Сакраменто Кингс, Бостон Селтикс багуудад хүчин зүтгэж байсан тэр нийт 153-н тоглолтод оролцож 7.1 оноо 3,6 дамжуулалт 2,4 дамжуулалт дунджилсан байдаг. Дараа нь тэрбээр 2014-2016 онд Филиппин, Турк, Пуэрто-Рико, Доминикан, Мексик, Венесуэл зэрэг улсуудад гадаадад тоглосон юм.

    Э.Мандалбаяр