FIBA 3x3 U23 насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ. БНХАУ-ын Xiong'an хотод зохиогдож буй тус тэмцээнд манай эрэгтэй шигшээ баг хэсгийн хоёр дахь тоглолтоо Аргентины шигшээ багтай хийж, 21-19 харьцаатай эцсийн мөчид ялагдал хүлээлээ.
Тус тоглолтын эхлэлийг тун сайн тавьж 5-2 харьцаатай эхлүүлсэн ч эсрэг багтаа дараалсан оноонууд алдан 8-8 харьцаатай тэнцэж ирэв. Улмаар манай шигшээ баг ээлж дараалсан алдаанууд гаргаж, алдааны асуудалд эрт орлоо. Гэсэн ч Г.Дөлгөөний хүчтэй тоглолт, оноо авалтууд оноог ойртуулж 19-19 харьцаатай тэнцсэн ч эцсийн мөчид Аргентины шигшээ баг түрүүлж оноо авснаар 21-19 харьцаатай ялагдал хүлээлээ.
09-р сарын 19-нд тэд гура дахь тоглолтоо Венесуэлийн шигшээ багтай 18:20 цагаас, дөрөв дэх тоглолтоо Алжирийн шигшээ багтай 20:50 цагаас тус тус тоглох хуваартай байна.
Сонирхуулахад энэхүү тэмцээнд U23 насны Дэлхийн шилдэг эрэгтэй 20 баг, эмэгтэй 20 баг оролцож байгаа бөгөөд Монгол улсын U23 насны төлөөлөл эрэгтэй шигшээ баг оролцож байгаа юм. Нэг хэсгээс 2 баг шалгарах бөгөөд манай баг хэсгийн хамгийн хүчтэй хоёр багтай хэдийнээ тоглосон байна.