WDSF буюу Дэлхийн бүжгийн спортын холбооноос жил бүр зохион байгуулдаг латин формейшний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 12-р сарын 18-нд Хонконгд зохион байгуулагдлаа. 2018 онд Шенжень хотноо зохиогдсон ДАШТ-ээс хойш Азид дэлхийн шилдгүүдийн өрсөлдөөн энэ жил болсон юм. Тэмцээнд дэлхийн шилдэг 12 хамтлаг оролцож, 3 үе шаттайгаар явагдсан. Хамтлагууд эхний 2 үед өөрсдийн бэлдсэн үзүүлбэрээ толилуулж, 3-р үе буюу финалын шатанд шилдэг 6 баг шалгардаг билээ. Энэ жилийн финалын шатанд Монгол 2 хамтлаг, Германы 2 хамтлаг, Австрийн 1 улс, Украин улсын 1 хамтлаг шалгарсан. Улмаар Монголын “Moon Dance’ хамтлаг хүрэл медаль хүртэж, “Star” хамтлаг дөрөвдүгээр байрт шалгарсан юм. 2013 оноос хойш дэлхийн аваргаар шалгарч буй Германы “Grun-Gold-Club” энэ жил түрүүлснээр, 9 дахь удаагаа дэлхийн аварга болов.
"Moon Dance' хамтлагын багш, МУГД О.Саранхүүгийн санаачилсан "Chess : It's a game of minds - The next move" үзүүлбэрээр хүрэл медаль хүртсэн юм.