MSports logo
Шилдэг багийн чансааг Денвер, Бостон нар тэргүүлж буй бол Даллас, Миннесота багууд нэг шат ахиж Индиана Пэйсерс 15-аас 7-руу орж ирлээ
  • Ө
    Өсөхбаяр

    11 сарын 16

  • Шилдэг багийн чансааг Денвер, Бостон нар тэргүүлж буй бол  Даллас, Миннесота багууд нэг шат ахиж Индиана Пэйсерс 15-аас 7-руу орж ирлээ

    NBA-гийн 2023-24 оны улирал эхлээд хэдхэн долоо хоног болж байгаа ч бүс бүрийн өрсөлдөөн улам бүр ширүүсэж багуудын чансаа, зэрэглэл долоо хоног бүр өөрчлөгдөж байна. ESPN-ээс гаргадаг багуудын чансааг баруун бүсээс Денвер Наггетс болон Даллас Маверикс багууд эхний эгнээнд бичигдэж байсан бол Миннесота Тимбервулвес өнгөрсөн долоо хоногт гайхалтай тоглолтууд хийж 8-2 амжилттайгаар чансааны 5-р байрт бичигдэж байна.

    Харин зүүн бүст Жоел Эмбийд тэргүүтэй Филидельфиа Сиксэрс тэргүүллээ хадгалсаар явна. Харин мягмар гарагт Сиксэрс Индиана Пэйсерс багт хожигдсон нь ба Индиана зүгээр ч нэг азаар хожоогүй гэдгээ баталж 15-р байраас 7-р байр хүртэл орж ирлээ. 

    ESPN-ээс долоо хоног бүр гаргадаг багуудын чансааг хэрхэн тодорхойлсныг харвал:

    30. Washington Wizards 

    Улирлын амжилт 2:9

    Торонтотой хийсэн тоглолтод 21 онооны тэргүүллээс хожигдсон нь тэднийг учраа олоогүй гэдгийг хангалттай харуулж байна. 

    29. Detroit Pistons

    Улирлын амжилт 2:10

    Залуу баг хөлөө олох гэсээр байтал найман тоглолт дараалан хожигдлоо. 

    28. Memphis Grizzlies

    Улирлын амжилт 2:9

    Багын гарааны үндсэн тоглогчид бэртэлтэй байгаа Гризллесчүүд улирлын эхлэлд бэлэн байж чадсангүй. 

    27. Charlotte Hornets 

    Улирлын амжилт 3-7

    Жил бүрийн эхлэлийг хожигдлоор эхэлдэг Зөгийнүүд энэ жил ч мөн адил бүтэл муутай эхлэлээ давтаж байна. Өнгөрсөн долоо хоногт ганц хожсон баг нь Вашингтон Визардс. 

    26. Portland Trail Blazers 

    Улирлын амжилт 3-8

    Гол тоглогчид болох Аферний Саймонс, Роберт Уиллиамс, Малколм Брогдон, Скүүт Хендерсон нар байхгүй тэдний довтолгооны үзүүлэлт сүүл мушгиж байгаа. 

    25. Utah Jazz

    Улирлын амжилт 4-7

    Өнгөрсөн долоо хоногт гурван тоглолтынхоо хоёрт нь хожил байгуулсан ч эсрэг багтаа 120 гаруй оноо алдаж буй муу үзүүлэлттэй явна. 

    24. San Antonio Spurs

    Улирлын амжилт 3-8

    Энэ жилийн тэргүүн сонголтыг авсан Спөрсчүүд 4 дараалан хожигдож бөмбөг алдалтын тоогоор 26-р байрт явж байна. Өнгөрсөн долоо хоногт Оклахама хотод тоглосон тоглолтдоо 36 оноогоор хожигдол хүлээсэн.

    23. Chicago Bulls

    Улирлын амжилт 4-7

    Тус багийн шидэлтийн хувь энэ жил яах аргагүй буурч 27-р байрт жагсаж байна. Гол тоглогчид болох Демар Дерозан, Зак Лавайн, Алекс Карусо нарыг солилцоонд оруулах талаар ч яриад эхэлсэн.

     22. New Orleans Pelicans

    Улирлын амжилт 5-6

    Өмнөх долоо хоногт 11-р байрт эрэмбэлэгдэж байсан тэд даруй 11 байраар ухарчээ. СиЖэй МкКолум, Трэй Мурфи, Хосе Алварадо нараа бэртлээр алдсан тэдний улирал хэцүүхэн эхлэж байна. 

    21. Toronto Raptors 

    Улирлын амжилт 5-6

    Өнгөрсөн жил довтолгооны үзүүлэлтээр 13-рт, хамгаалалтын үзүүлэлтээр 11-р байрт бичигдэж байсан бол энэ жил бүрэлдэхүүндээ том өөрчлөлт оруулаагүй ч довтолгооны үзүүлэлтээр 27-р байранд бичигдэж байна.

    20. Brooklyn Nets

    Улирлын амжилт 6-5

    Бэн Симмонс, Кам Томас нар нь байхгүй ч цомын төлөөх тэмцээнд 2-1 амжилттай яваа. Ирэх найман тоглолтын зургаа нь гэртээ хүлээж авах тоглолт тул залуу багийн хувьд чансаагаа ахиулах боломжтой тоглолтууд юм. 

    19. Los Angeles Clippers

    Улирлын амжилт 3-7

    Улирал эхэлснээс хойш хамгийн том солилцооны шуугианыг тарьж Жэймс Харденг багтаа элсүүлсэн тэд 5 дараалан хожигдсон. Өмнөх долоо хоногт тэдний чансаа эхний 8-р байрт явсныг мартаж болохгүй. 

    18. Cleveland Cavaliers

    Улирлын амжилт 5-6 

    Өмнөх долоо хоногт чансаа доогуур хоёр баг болох Портланд, Детройт зэрэг багуудад хожигдсон нь 13-р байраас 18-луу унах гол шалтгаан болсон байна.

     17. Orlando Magic

    Улирлын амжилт 6-5

    Энэ улиралд бүх үзүүлэлтээр дундаж байранд бичигдэж байна. 2019 оноос хойш нэг ч удаа Милаукий Баксыг хожиж байгаагүй ба өнгөрсөн долоо хоногт тэднийг буулгаж авсан нь өмнөх долоо хоногийн чухал тоглолт байв. 

    16. Phoenix Suns

    Улирлын амжилт 5-6 

    Девин Бүүкер, Кевин Дурант, Брэдли Бийл гэсэн их гурвалыг талбай дээр хамтад нь харахыг хүсэж буй дэмжигчид цөөнгүй. Одоогоор тийм боломж олдоогүй байгаа Сансуудын хувьд Юта Жазз багтай хоёр дараалан тоглох үед тэд нэгдэж магадгүй. Өнөөдөр их гурвал байхгүй байсан КД, Дэвин Бүүкер нар гайхалтай тоглон Тимберуолвес багийг буулгаж авлаа. 

    15. Los Angeles Lakers

    Улирлын амжилт 6-6

    Өнгөрсөн долоо хоногт улиралд анх удаа бэртэл гэмтэлгүй бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглосон Лакерс Финикс Санс, Портланд Трэйл Блэзерс зэрэг багуудыг ялж өмнөд бүсийн 7-р байрт бичигдэж байна. 

    14. Atlanta Hawks

    Улирлын амжилт 6-4

    Трэй Янг байхгүй үед Атланта 3-6 харьцаатай хожигдож байсан бол өнгөрсөн долоо хоногт Янгийг эзгүйд Дежонтэй Муррэй шилдэг тоглолтоо үзүүлж 32 оноо, 10 оновчтой дамжуулалт гүйцэтгэнэ багтаа ялалт авчрав. Ингэснээр тэд дорнод бүсийн 7-р байраа хадгалсаар байна. 

    13. New York Knicks 

    Улирлын амжилт 6-5

    Энэ улиралд Никсийн амжилт Р.Ж. Барреттай шууд холбоотой. Учир нь түүнийг тоглосон тоглолтод Никс 5-2 гэсэн амжилттайгаар хожил байгуулсан ба талбайд байх үед нь эсрэг багаа -18.8 оноогоор илүүрхсэн байна. 

    12. Sacramento Kings

     Улирлын амжилт 6-4

     Өмнөх чансаанд 20-р байрт бичигдэж байсан Хаадууд энэ долоо хоногт 12-р байр хүртэл дэвшсэн нь багийн од ДеАарон Фокс бэртлээсээ ирсэнтэй холбоотой. Тэд нэг тоглолтод 119.4 оноо дунджаар авч байсан нь лигт нэгдүгээрт орох үзүүлэлт боловч хамгаалалтаараа 18-р байрт бичигдсэн үзүүлэлт нь тоглолт бүр оноо ойрхон болж байгааг нь баталж байна.

    11. Housten Rockets

    Улирлын амжилт 6-3

    Зургаан тоглолт дараалан хожсон Пуужингууд 22-р байрнаас 11-рүү орно гэдэг зүйн хэрэг. Бүр бүсийнхээ 4-р байрт бичигдэж явна. Фред ВанВлит өөрийгөө хуучин түвшиндээ эргэн авчирч 18.8 оноо, 8.3 оновчтой дамжуулалт дундажлаж байна. Мөн тэдний хамгаалалтыг магтахаас өөр аргагүй. Учир нь эсрэг багаа 109 оноонд хүргэлгүй хамгаалж, лигт 5-р байрт бичигдэж байна. 

    10. Oklahoma City Thunder

    Улирлын амжилт 7-4

    Шай Гилжус-Александрын гайхалтай тоглолтууд үргэлжилж таван тоглолт дараалан 25-аас дээш оноог 55 хувийн довтолгоогоор гүйцэтгэсэн нь лигийн түүхэн дэх хамгийн өндөр хувьтайгаар 5 тоглолт дараалан 25 оноо авсан амжилт юм. 

    9. Miami Heat

    Улирлын Амжилт 7-4

    Өнгөрсөн долоо хоногт 18-р байрт бичигдэж байсан тэд 9 байраар дээшилсэн байна. Гэмтлээс эргэн ирсэн Бам Адебаяо сүүлийн таван тоглолтод 20 оноо, 10 самбар авсан нь замналдаа гүйцэтгэсэн хамгийн олон дараалсан тоглолт болжээ. 

    8. Golden State Warriors 

    Улирлын амжилт 6-6

    Багийн супер од Стефен Көрри гэмтсэнээр Уарриорсын бүрэлдэхүүн суларч Клэй Томпсон, Эндрью Виггинс нар дээр илүү ачаалал ирсэн долоо хоног байлаа. Өчигдөр Миннесота Тимберуолвестэй хийсэн тоглолтын эхэнд Дрэймонд Грийний хийсэн зохисгүй үйлдэл олны анхааралд өртөж, Алтан мужийнхан гэртээ хийсэн тоглолтдоо ялалт байгуулж чадсангүй. Тоглолтын дараагаар лигийн зүгээс Дрэймонд Грийнийг таван тоглолт дараалан тоглолтод оролцуулахгүй шийдвэр гаргасан нь энэ долоо хоногт хийх үлдсэн тоглолтуудад нь сайнаар нөлөөлөхгүй нь лавтай. 

    7. Indian Pacers 

    Улирлын амжилт 7-4

    Энэ долоо хоногт 15-р байрнаас эхний 7-р байр хүртэл дээшилж чадсан Индианагийн залуус өөлөх зүйлгүй сайн тоглосон гэхэд хилсдэхгүй. Ялангуяа тэдний алсын зайн шидэлтийг онцлох нь зүйтэй. Лигийн шилдэг холбогчдын нэг гэдэгт хэдийнээ хүлээн зөвшөөрөгдсөн Тайрис Халибуртон 12.2 оновчтой дамжуулалт дунджилж лигийн бүх тоглогчдыг тэргүүлж байна. Зургаан тоглолт дараалан 120 оноонд хүрсэн нь тэдний багийн хувьд түүхэн амжилт болжээ. Мөн тэд Сиксерс багийн 8 дараалсан ялалтын цувралыг зогсоосон билээ.  

    6. Milwaukee Bucks

    Улирлын амжилт 7-4

    Дамиан Лиллардыг багтаа элсүүлж, Жрү Холидэй, Грэйсон Аллен нарыг явуулсан нь тэдний хамгаалалтын чансааг аль хэдийн доош нь чангаагаад эхэлсэн. Гэсэн ч Лиллард болон Милаукий Бакс багийг эхний хэдэн долоо хоногоор дүгнэх нь эрт байгаа ба Лиллард өнөөдөр  37 оноо, 13 оновчтой дамжуулалтыг Торонто Рэпторс багийн эсрэг гүйцэтгэжээ. 

    5. Minnesota Timberwolves

    Улирлын амжилт 8-3

    Энэ долоо хоногт НБА-ыг хамгаалалтаар тэргүүлж, өрсөлдөгчөөсөө илүү алсын зайн шидэлт, дундын зайн шидэлт оновчтой болгосон байна. Мөн төвийн тоглогч Рүди Гоберт шилдэг хамгаалан тоглогчийн ярианд ч багтаад амжсан. Карл-Энтони Таунс сүүлийн 5 тоглолтод 21 оноо, 9 самбар, 43% довтолгоо дунджилж шилдэг тоглолтоо үзүүлсэн.

    4. Dallas Mavericks

    Улирлын амжилт 10-3 

    Өрнөд бүсийн хоёрдугаар байрт бичигдэж буй Даллас Маверикс хамгаалалт, довтолгоо аль бүр нь жигд байгаа. Лука Дончич, Кайри Ирвинг нар хийх зүйлээ хийж байгаа ч Тим Хардауэй Жр сэлгээнээс гайхалтай тоглолтыг үзүүлж нэг тоглолтод 17.5 оноо дунджилж байгаа нь оны шилдэг зургаа дахь тоглогчийн шагналд өрсөлдөхүйц хэмээн үзэж байна. 

    3. Boston Celtics

    Улирлын амжилт 9-2 

    Бүрэлдэхүүнтэй Жрү Холидэй, Кристапс Порзингс зэрэг тоглогчдыг нэмсэн ч тэдний сэлгээний бүрэлдэхүүн тийм ч зузаан биш байгааг аналистууд онцолж байсан ч Сэм Хаузэр нэг тоглолтод алсын зайнаас зургаан оролдлого жийж 47.9% хувьтай шидэж байна. Нөгөөтээгүүр Пэйтон Притчард дундын зайнаас 22%, алсын зайнаас 22%-тай шидэж байна. Бостон Селтикс баг лигт довтолгоогоор 4-р байр, хамгаалалтаараа 3-р байр, нийт үзүүлэлтээр нэгдүгээр байрт бичигдэн чанартай тоглолтуудаа үргэлжлүүлж байна. 

    2. Philadelphia 76ers 

    Улирлын амжилт 8-3

    Улирлыг гайхалтай эхлүүлж найм дараалан ялалт байгуулаад байсан  Филилельфиа Сиксерс баг Индианад хожигдон түүний араас хоёр дараалан хожигдсон ч дорнод бүсийн хоёрдугаар байрт жагсаж байна. Мөн тэд өнгөрсөн жил хурдан довтолгоогоор 27-р байрт жагсаж удаан сагсанбөмбөг тоглодог байсан бол энэ жил эрс хурдан болж 14-р байр хүртэл дээшилжээ. 

    1. Denver Nuggets 

    Улирлын амжилт 9-2

    Өнгөрсөн жилийн аваргууд энэ жил ч мөн адил өнгөтэй байгаа гэдгээ эхний 11 тоглолтод харуулаад байна. Өнгөрсөн долоо хоногт Хьюстон Рокетс багт хожигдсон ч багийн холбон тоглогч Жамал Муррэйгүйгээр бусад тоглолтууддаа бүгдэд нь ялалт байгууллаа. Клипперстэй хийсэн тоглолтын дөрөвдүгээр үед 7 онооноос эргэн ирж ялалт байгуулсан. Тэдний хамгийн том асуудал нь гол тоглогчдоо амраах сэлгээ бөгөөд Жефф Грийн, Брюс Браун нарын минутыг орлох тоглогчид хэрэгтэй хэмээн Майк Мэлөүн дасгалжуулагч дурдсан байна.