Үндэсний их баяр наадам ойртож, барилдах бөхчүүдийн бүртгэл өнөөдөр/2024.07.07/ эхэлсэн. Үүнтэй холбогдуулан ирэх наадамд допингтой бөхчүүд барилдах эсэх асуудал үүсэв. Э.Оюунболд арсланг барилдуулах эсэхийг шийдэх МҮБХ-ны дэргэдэх допингийн хэргийг хянан шийдвэрлэх хараат бус комисс нь өнөөдөр буюу /2024.07.08/ 15.00 цагт хуралдахаар болжээ. Тэгвэл түүнтэй адил допингийн шинжилгээнд бүдэрч, барилдах эрхээ хасуулсан бөхчүүдийн эрх сэргэсэн билээ.
Тодруулбал, улсын харцага Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Б.Өсөхбаяр нарыг барилдах эрхээ сэргэжээ. Энэ талаар Үндэсний их баяр наадмын бөхийн салбар хорооноос мэдэгдэл гаргаж, тэднийг бүртгэх нь хууль зүйн үндэслэлтэй тул наадам бүртгэнэ гэв. Мөн спортын арбитрт хандаж, гэм буруугаа хүлээсэн улсын харцага Т.Бэгзсүрэнгийн барилдах эрх 2024 оны нэгдүгээр сарын 15-наас сэргэсэн аж. Ийнхүү дээрх гурван бөх ирэх наадмаар барилдах гэнэ.