MSports logo
Э.Оюунболд арслангийн барилдах эрхийг сэргээх эсэхийг өнөөдөр шийднэ
  • Т
    Төгсбаясгалан

    7 сарын 8

  • Э.Оюунболд арслангийн барилдах эрхийг сэргээх эсэхийг өнөөдөр шийднэ

    Үндэсний их баяр наадам ойртож, барилдах бөхчүүдийн бүртгэл /2024.07.07/ эхэлсэн. Үүнтэй холбогдуулан ирэх наадамд допингтой бөхчүүд барилдах эсэх асуудал үүсэв. Ялангуяа улсын арслан Э.Оюунболдыг барилдах эсэхийг бөх сонирхогчид сонирхож байна. Тэгвэл Э.Оюунболдын зүгээс Монгол дахь олон улсын ба үндэсний спортын арбитрт дараах нэхэмжлэлийн шаардлагыг хүргүүлжээ.

    Э.Оюунболд арслангийн барилдах эрхийг сэргээх эсэхийг өнөөдөр шийднэ

    Тус шаардлагад,

    Допингийн эсрэг байгууллага болон үндэсний их баяр наадмын комисс 2019 оны наадмын шинжилгээний хариуг надад хууль журмын дагуу мэдэгдээгүй болон бусад шинжилгээ өгсөн бөхчүүдэд хандан тэднийг олон нийтэд шинжилгээний хариу сөрөг гарсан гэж хэлүүлсэн нь тамирчин миний эрхийг ноцтой зөрчсөн болохыг тогтоож өгөх,
    Допингийн эсрэг байгууллага болон үндэсний их баяр наадмын комисс 2019 оны наадмын шинжилгээний хариуг өнөөдрийг хүртэл надад гардуулж, өгч танилцуулаагүй болохыг тогтоолгох,
    Допингийн эсрэг байгууллага намайг 2019 онд допинг хэрэглэсэн гэж үзэж байгаа бол “Олон улсын дүрэмд заасны дагуу 4 жилийн хугацаанд ямар нэгэн шинжилгээ авахгүй байх ёстой” атал 2021 оны 08-р сарын 17-ны өдөр шинжилгээг авсан нь тамирчны эрхийг зөрчсөн болохыг тогтоож өгөх,
    2021 оны 08-р сарын 17-ны өдөр авсан шинжилгээний сорьц Допингийн эсрэг байгууллага хэд хоног ямар нөхцөлд байлгаж, хадгалалтын журмыг сахисан эсэхийг тогтоолгох,
    2021 оны 08-р сарын 17-ны өдөр авсан шинжилгээний сорьцуудыг БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори руу хэдний өдөр явуулсанг тогтоолгох,
    БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээний хариу яагаад 2 сар илүү хоног болсонг тогтоолгох,
    Монголын допингийн эсрэг байгууллагын удирдлагуудад гэмтэл бэртэлдээ хэрэглэсэн эм бэлдмэлээ тайлбарлах гэхээр хүлээж авдаггүй байсныг тогтоолгох,
    Хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2023 оны 10-р сарын 03-ны өдөр Монголын допингийн эсрэг байгууллагын удирдлагууд болох Ж.Хатанбаатар, М.Мөнхболд нарыг хуулийн байгууллагаас хойшлуулахгүйгээр саатуулан шалгахад их хэмжээний допингийн төрлийн эм бэлдмэл их хэмжээгээр илэрсэн мэдээллийг гаргасан. Тэд чиг үүргийн дагуу допингтой тэмцэж байсан уу эсвэл допингийн төрлийн эм тариагаар ашиг орлого олох зорилготой ажиллаж байв уу гэдэгт тайлбарыг гаргуулж авах,
    Ж.Хатанбаатар ерөнхийлөгч ажлаа өгсөн гэх атлаа яагаад одоогийн Допингийн эсрэг байгууллагын удирдах зөвлөлд (2023.10.25-ны өдөр бүрэлдэхүүнд орж бүртгэгдсэн) байдаг, энэ нь тэрээр ажиллаж байсан он жилүүдийнхээ явцад гаргасан алдаа зөрчлүүдээ нуун далдлах зорилго агуулж байгаа эсэхийг тогтоолгох,
    Тамирчин миний эрхийг зөрчсөн дээрх ноцтой үйлдлүүд гарсан тул одоо үндэсний бөхийн барилдаанд оролцох эрхийг сэргээж өгнө үү
    Түүний шаардлагыг Монгол дахь олон улсын ба үндэсний спортын арбитрын давж заалдах комисс хүлээн авчээ. Улмаар Үндэсний их баяр наадмын бөхийн салбар хорооноос түүнийг маргааныг Монголын үндэсний бөхийн холбоо/МҮБХ/ болон эрх бүхий комисс шийднэ гэв.
    Дээрх хэрэгтэй холбогдуулан МҮБХ-ны дэргэдэх допингийн хэргийг хянан шийдвэрлэх хараат бус комисс нь өнөөдөр /2024.07.08/ 15.00 цагт хуралдахаар болжээ. Тус комиссын даргаар П.Мөнхжаргал /хуульч/, О. Амгаланхүү /эмч/, Ж. Эрдэнэбаяр /хуульч, өмгөөлөгч/, Д.Золбаяр /тамирчин байсан/, Д.Нямдорж /эмч/ нар байдаг аж.

    Э.Оюунболд арслангийн барилдах эрхийг сэргээх эсэхийг өнөөдөр шийднэ