MSports logo
Сагсан бөмбөгийн тамирчдын холбоо сүүлийн үед үүсээд байгаа асуудлын талаар мэдэгдэл хийлээ
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 31

  • Сагсан бөмбөгийн тамирчдын холбоо сүүлийн үед үүсээд байгаа асуудлын талаар мэдэгдэл хийлээ

    Монголын Үндэсний дээд лиг, багуудын эздийн холбоо нарын хооронд үүссэн үл ойлголцлын улмаас Үндэсний дээд лигт өмнөх улиралд оролцож байсан зургаан баг энэ улирлын Дээд лигт оролцоход хүндрэлтэй нөхцөл байдал тулгарсан билээ. 

    Өнөөдөр Монголын сагсан бөмбөгийн ирээдүйн холбооны гишүүд буюу долоон багийн тамирчдын төлөөлөл хэвлэлийн хурал хийж тамирчид ямар байр суурьтай байгаа талаараа мэдээлэл өглөө. 

    Сагсан бөмбөгийн ирээдүйн холбооны гишүүн Г.Баттөр:

    Нийт 5 багийн 70 гаруй тамирчид хоёр талын үл ойлголцлын улмаас лигтээ тоглох боломжгүй болоод байна. Бидний зүгээс нэг байр суурьтай байгаа. Тамирчдын төлөөлөл эздийн холбоо болон МСБХ-той уулзах хүсэлт тавьсан. Аль нэг холбооны талд бус хамгийн гол нь нэгдсэн нэг лигт тоглох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна. Өмнөх арван жилд хоёр лигт хуваагдаж бидний үеийн залуус аль аль лигт тоглож үзсэн. Тоглож үзсэн хүний хувьд энэ нь өөрөө сагсан бөмбөгийн хөгжлийг хойш нь татах нэг арга хэлбэр гэж хардаг. 

    Хасын Хүлэгүүд багийн тоглогч Б.Билгүүн:

    Манай багийн хувьд Дээд лигтээ тоглох хэвээрээ байгаа. Миний хувьд тамирчид маань нэг байр суурьтай байх нь зөв, нэг лигтээ тоглох нь зөв гэсэн бодолтой байна. Холбооны дүрэм журмыг дагаж мөрдөх нь зөв гэж харж байгаа хэдий тийм ч одоо байгаа асуудал дээр уян хатан хандаж, гарц гаргалгаа нь хараад эргээд нэг лигтэй байх орон зайг үлдээсэй гэж бодож байна. Холбоо шийдвэрээ дахин нэг эргэж хараад тамирчид нэг лигт тоглох хүртэл Хүлэгүүд багийн бүрэлдэхүүнээс тоглохгүй гэдгээ мэдэгдэж байна. 

    Өнгөрсөн жилийн шилдэг тоглогч, аварга Т.Санчир: Өмөн нь хоёр лигтэй тамирчид хуваагдаж тоглодог байсан үеийг туулаагүй биш туулсан. Энэ жил дахиад заавал энэ алдаагаа давтах нь тийм сайхан зүйл биш. Хамгийн гол нь үзэгчид гэдэг хамгийн чухал зүйлээ бодолцож тэдний эрх ашгийг нэгт тавиасай. 

    Тэнүүн Өлзийн Металл багийн тоглогч А.Энхбаясгалан:

    Залуу тамирчны хувьд хэлэхэд ах нар маань яг хоёр хуваагдсан үеийг туулаад өнгөрсөн. Энэ явдал дахиж битгий давтагдаасай гэсэндээ тамирчидтайгаа нэгдэж байна. Хоёр хуваагдсан тохиолдолд өрсөлдөөн удааширч, тамирчдын хөгжил мөн түүнийгээ дагана гэж бодож байна. 

    BHC Гарьд багийн тоглогч О.Эрдэнэцогт:

    Хоёр холбоо нэгдээд дөнгөж эхний жилийнхээ ард гарсны дараа дахин ийм асуудал үүсэж байгаад тамирчид болон үзэгчид дахин хохироод хэцүү байдалд орчихоод байна. Эздүүдийн гаргасан санал буруу цагтаа, буруу үедээ гаргасан юм болов уу гэж хувь хүнийхээ талаас харж байна. Бидний нэгдсэн ганц зорилго бол нэгдсэн нэг мэргэжлийн лигтэй түүндээ бүгд хамт өрсөлдөөнтэй тоглох саналтай байна. 

    BHC Гарьд багийн тоглогч О.Эрдэнэцогт:

    Хоёр холбоо нэгдээд дөнгөж эхний жилийнхээ ард гарсны дараа дахин ийм асуудал үүсэж байгаад тамирчид болон үзэгчид дахин хохироод хэцүү байдалд ороод байна. Эздүүдийн гаргасан санал буруу цагтаа, буруу үедээ гаргасан юм болов уу гэж хувь хүнийхээ талаас харж байна. Бидний нэгдсэн ганц зорилго бол нэгдсэн нэг мэргэжлийн лигтэй түүндээ бүгд хамт өрсөлдөөнтэй тоглох саналтай байна.