MSports logo
Трэй Янг, Скотти Барнес нар Бүх-Оддын тоглолтод гэмтэлтэй тоглогчдыг орлохоор сонгогдлоо
  • Ө
    Өсөхбаяр

    2 сарын 7

  • Трэй Янг, Скотти Барнес нар Бүх-Оддын тоглолтод гэмтэлтэй тоглогчдыг орлохоор сонгогдлоо

    Хоёрдугаар сарын 18-нд NBA-ын бүх оддын тоглолтод сонгогдсон Нью-Йорк Никс багийн довтлогч Жулиус Рэндлийн мөр мултарсан ба энэ сарын сүүл хүртэл талбайд гарах боломжгүй болсон. Улирлын MVP-ын өрсөлдөөнийг тэргүүлж байсан Филаделфиа 76ерс багийн супер од Жоэл Эмбийд өвдөгний гэмтэл авч, энэ улирлыг өнжиж магадгүй болоод байна. NBA-ын дүрмийн дагуу Бүх-Оддын тоглолтод сонгогдсон ч гэмтлийн улмаас оролцож чадахгүй бол тэднийг орлох тамирчдыг комиссар сонгох эрхтэй байдаг.

    NBA-ын комиссар Адам Силвер дээрх тоглогчдыг орлуулахаар Атланта Хокс багийн хамгаалагч Трэй Янг, Торонто Рэпторс багийн довтлогч Скотти Барнес нарийг сонгожээ. Трэй Янгийн хувьд зургаан улирал тоглохдоо гурав дахь удаагаа Бүх-Оддын тоглолтод сонгогдоод байна. Энэ улиралд 27.3 оноо, 10.9 оновчтой дамжуулалт, 2.8 самбар, 1.5 бөмбөг таслалт дунджилж, алсын зайнаас 38.4%-иай довтолж, карьерынхаа хамгийн өндөр амжилтыг үзүүлж байна. 

    Скотти Барнес NBA-ийн гурав дахь улирлаа өнгөрүүлэхдээ анх удаа Бүх-Оддын тоглолтод сонгогдов. 2021-2022 оны улирлын шилдэг шинэ тоглогчийн шагналыг хүртэж байсан тэрбээр энэ улиралд 20.2 оноо, 8.1 самбар, 5.8 оновчтой дамжуулалт, 1.5 хаалт, 1.2 бөмбөг таслалт дунджилж, 48.9%-ын довтолгоо, алсын зайнаас 36.5%-тай довтлон мөн карьерынхаа дээд амжилтыг үзүүлж байна.