Үндэсний дээд лигийн 2023-2024 оны улирлын Плэй-Оффын тоглолтууд эхэлж, шилдэг найман баг хагас шигшээд шалгарах эрхийн төлөө аль хэдийн 3-4 тоглолт явагдаад байна. 11-р сараас эхэлсэн лигийн тэмцээнд багууд улиралд 24 тоглолт хийсэн ба Плэй-Оффын тоглолттой нийлээд 28 тоглолт хийгээд байна. Энэ хугацаанд сагсан бөмбөгийн салшгүй нэг хэсэг гэгддэг гэмтэл бэртэл ч холуур байсангүй. Плэй-Оффын ширүүн өрсөлдөөнд өрсөлдөж буй багууд гол тоглогчдоо гэмтэл бэртэлд алдаад буй ба тус тамирчдын талаарх дэлгэрэнгүй хүргэж байна.
Үндэсний дээд лигийн гэмтэл бэртлийн мэдээлэл
2 сарын 5
О. Энхбаатар – Эрдэнэт Майнерс
Энэ жилийн MVP-ийн өрсөлдөөнд хүчтэй яригдаж байсан Эрдэнэт Майнерс багийн төвийн тоглогч О.Энхбаатар Завхан Бродерс багтай хийсэн цувралын эхний тоглолтод эсрэг багийн легионер тоглогч Жалил Триппийн тохойд цохиулсан ба нүд нь хөхөрч, хамар нь хугарсан гэмтэл авсан. Тоглолтын дараах эмчийн үзлэгийн дараа эхний байдлаар 10 гаруй хоног талбайд гарах боломжгүй гэсэн мэдээлэл гарсан. Маргааш өглөө эмчийн үзлэгт орох ба гарсан үр дүнгээс шалтгаалж дараагийн тоглолтод оролцох эсэх нь тодорхой болно. Одоогоор цувралын харьцаа 2-2 болж, цуврал тав хоногийн дараа дуусна.
А.Ананд – Хасын Хүлэгүүд
Лигийн баялаг түүхт Хасын Хүлэгүүд багийг энэ жилээс ахлаж буй А.Ананд улирлын өмнө тавхайны ясны гэмтэл авсан. Тэрбээр гэмтлээсээ улирлын дундуур эргэн ирсэн ч дахин бэртэл нь сэдэрч бүрэн эдгэрэлгүй Плэй-Оффтой нүүр тулсан билээ. Багийн хөгжөөн дэмжигчид түүнийг хэзээ эргэн ирэхийг тэсэн ядан хүлээж буй бол багийн зүгээс 7-10 хоногийн дараа тоглолтод оролцох боломжтой гэж үзсэн байна. BCH Гарьд багтай хийж буй цуврал өчигдөр нэмэлт цагт шийдэгдэж 96-85 харьцаатайгаар Хүлэгүүд багийн ялалтаар өндөрлөж, 2-2 харьцаатай болсон билээ. Цуврал дахин гурван тоглолтод шийдэгдлээ гэхэд энэ цувралд багийн ахлагч А.Ананд хараахан оролцож амжихгүй байх магадлалтай.
Пендариус Уиллиамс – Эрдэнэт Майнерс
Улирлын дундуур цавины бэртлээс шалтгаалан бүтэн сарын хугацаанд талбайд гараагүй тэрбээр Плэй-Офф эхлэхээс хэдэн тоглолтын өмнө багтаа нэгдэж эргэн формондоо ороод байсан билээ. Тэд эхний шатанд Даймонд Стөүнээр ахлуулсан Завхан Бродерс багтай учраа таарсан ба эхний хоёр тоглолтод ялалт байгуулан цувралыг 2-0-ээр тэргүүлж байлаа. Цувралын гурав дахь тоглолтын гуравдугаар үе эхлэхэд Пендариус Уиллиас үсрэх үедээ Даймонд Стөүнтэй контакт үүсгэж зүүн гарын ядам хурууныхаа савхан ясыг гэмтээв. Улмаар тоглолтыг шууд орхин талбайгаас гарсан ба бага хэмжээний мэс засал хийлгэж 5-7 хоног тоглох боломжгүй болсон байна. Түүнийг эзгүйд Завхан Бродерс хоёр дараалан ялалт байгуулж, 2-2 харьцаатай болсон. Дахин гурван тоглолт гарлаа гэхэд Пенни сүүлийн тоглолтод эргэн ирэх боломжтой юм.
Э.Дөлгөөн – BCH Гарьд
Хасын Хүлэгүүд, BCH Гарьд гэсэн лигийн хамгийн том ривал багууд энэ улиралд эхний шатанд учраа таарсан нь үзэгч, дэмжигчдийн хувьд хамгийн үзүүштэй тоглолтууд өрнөж байна. Цувралд одоогоор аль ч баг хоёр дараалсан амжилт үзүүлээгүй байна. Өчигдөр болсон тоглолтын эхний үед “Дийлдэшгүй” хочит Э.Дөлгөөн Ч.Ихбаярын хөл дээр далий гишгэж тоглолтыг үргэлжлүүлэх боломжгүй болов. Э.Дөлгөөн хэзээ эргэн ирэх нь тодорхойгүй байгаа ба магадгүй дараагийн тоглолтыг өнжиж магадгүй гэнэ.
Г. Болор-Эрдэнэ – Эрдэнэт Майнерс
Өнгөрсөн жилийн аварга Эрдэнэт Майнерс багийн холбогч Г. Болор-Эрдэнэ 12-р сарын 29-нд багийн бэлтгэлийн үеэр баруун гараа хугалсан. Түүнээс хойш улирлын тоглолт болон Плэй-Оффын тоглолтод оролцож чадаагүй юм. Завхан Бродерс багтай хийж буй цувралын харьцаа 2-2 болж тэнцээд байгаа энэ үед түүний орон зайг баг болоод багийн дэмжигчид үгүйлж буй нь гарцаагүй. Г.Болор-Эрдэнэ маргааш эмчийн үзлэгт орох ба үзлэгийн дараа түүний хэзээ тоглолтод оролцох боломжтой болох нь тодорхой болох юм.