MSports logo
ДЭЛХИЙН ЖҮДО БӨХИЙН ӨДӨР ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА
  • А
    Админ

    7 сарын 24

  • ДЭЛХИЙН ЖҮДО БӨХИЙН ӨДӨР ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА

    Жүдо бөхийг үндэслэгч Жигоро Каногийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Олон улсын жүдо бөхийн холбооноос санаачлан энэ өдрийг дэлхийн жүдогийн өдөр болгон тэмдэглэж эхэлснээр арван нэг дэх жилтэйгээ золгож байна. Жил бүр энэ өдрийн хүрээнд олон улсын жүдо бөхийн холбооноос дэлхийн даяар жүдо бөхийг сурталчлах, улс орнуудын жүдо бөхийн холбоодоор дамжуулан жүдогийн боловсрол олгох олон арга хэмжээ зохион байгуулдаг. Жүдо бөх нь 1882 онд Каноо Жигороогийн анхлан зохиосон Японы цэрэг, байлдааны урлагийн нэг юм. Хоёр хүн хоорондоо золгон, мэх хийлцэн өрсөлдөгчөө ар нуруугаар нь унагаах эсвэл хэвтээ барилдаанд тодорхой хугацаанаас дээш хугацаанд цэвэр дарж чадвал ялалт болдог.  Монгол улсын хувьд жүдо бөхийг 1960-аад оны үед ЗХУ, Зүүн Герман, Чехословак зэрэг улсуудад сурч байсан Монгол оюутнууд анхлан эх орондоо авчирсан байна.

    1971 оны 1 сард анхны жүдогийн дэвжээ байгуулагдаж үндэсний спортын хорооны зөвшөөрлийн дагуу Монгол дахь албан ёсны спорт болон батлагджээ. 1972 онд Монголын жүдогийн холбоо нь Азийн Жүдогийн холбоо болон олон улсын жүдогийн холбооны гишүүн болсон. Тухайн жилдээ засгийн газрын тушаалаар жүдогийн шигшээ баг бүрдүүлэн 1972 оны Мюнхены зуны олимпийн наадамд амжилттай оролцсон байна. Одоогийн байдлаар Монголын жүдо бөхийн холбоо 3000 гаруй гишүүнтэй, улсын аваргын тэмцээнд 480 хүүхэд, насанд хүрэгчдийн ангилалд тогтмол 240 гаруй тамирчид оролцдог. 14 жүдогийн дэвжээ, олон стандартад нийцсэн 6 дожо байдаг зэрэг энэ спортоор Монгол хүүхэд залуус тогтмол сонирхон хичээллэдэг билээ. Дэлхий дахинд жүдогоор 20 сая гаруй хүн хичээллэж байна. Манай жүдочдын хувьд оролцох ойрын тэмцээн бол 11-р сарын 4-6-ний өдрүүдэд Баку хотноо болох Бакугийн их дуулга тэмцээн юм.

     

    Н.Бэлгүүн