Тайландын Бангкок хотын алдарт Lumpinee Stadium-д ирэх долоодугаар сарын 31-нд дэлхийн холимог тулааны хамгийн нэр хүндтэй холбоодын нэг болох ONE Championship-ийн The Inner Circle 24 тэмцээн зохион байгуулагдана. Энэ үдшийн онцлох тулаануудын нэг нь Монголын бахархал болсон Баатархүүгийн Энх-Оргил ONE Bantamweight World Championship-ийн аваргын бүсээ хамгаалах тулаан юм.
Аваргын бүсээ хамгаалагчийн эсрэг ялагдалгүй өрсөлдөгч
7 сарын 8
Монголын аварга Б.Энх-Оргилын өрсөлдөгчөөр Азербайжаны тулаанч Элбек Алышов тулалдах болсон. Тэрээр 2020 оны аравдугаар сард мэргэжлийн ММА замналаа эхлүүлснээс хойш нэг ч ялагдал хүлээлгүй 10 дараалан ялалт байгуулж, ялагдашгүй амжилтаа үргэлжлүүлсээр байгаа билээ. Залуу, өлсгөлөн өрсөлдөгчийн хувьд дэлхийн аваргын бүсийг анх удаа хүртэх зорилготой дэвжээнд гарах бол Энх-Оргилын хувьд аваргын бүсээ анх удаа хамгаалах хариуцлагатай тулаан байх юм.
Энэ хоёр тамирчин өмнө нь хоорондоо нэг ч удаа тулалдаж байгаагүй. Тиймээс тэдний анхны учраа ур чадвар, тактик, сэтгэлзүйн бэлтгэл гээд олон талаараа үзэгчдийн сонирхлыг татаж байна. Нэг талд дэлхийн аваргын бүсийг эзэмшиж буй туршлагатай аварга, нөгөө талд мэргэжлийн замналдаа нэг ч ялагдал хүлээгээгүй өрсөлдөгч. Иймээс энэ тулаан "Энх-Оргил аваргын бүсээ хамгаалах уу, эсвэл Элбек Алышов ялагдашгүй амжилтаа үргэлжлүүлэн шинэ дэлхийн аварга болох уу?" гэсэн асуултын хариуг өгөх онцгой тулаан болоод байна.
Баатархүүгийн Энх-Оргил өнөөдөр Монголын холимог тулааны спортын хамгийн тод төлөөлөгчдийн нэг болоод байгаа юм. Тэрээр мэргэжлийн замналдаа нийт 17 тулаан хийж, 14 ялалт, 3 ялагдал хүлээсэн амжилттайгаар дэлхийн шилдэг холбоонд хүчтэй өрсөлдөж байгаа билээ.
Энх-Оргил өнгөрсөн онд Тайландын Бангкок хотын Lumpinee Stadium-д болсон ONE Bantamweight World Championship-ийн аваргын төлөөх тулаанд тухайн үеийн аварга Бразилын Фабрисио Андраде-тай хүч үзсэн. Тэрбээр тулааны дөрөвдүгээр үед боолтын мэхээр өрсөлдөгчөө буулган авч, ONE Championship-ийн Bantamweight жингийн дэлхийн аваргын бүсийг хүртсэнээр Монголын холимог тулааны спортын түүхэнд шинэ хуудсыг нээсэн юм.
Одоо түүний өмнө аваргын бүсээ хамгаалах шинэ сорилт хүлээж байна. Ялагдалгүй амжилттай яваа Элбек Алышовын эсрэг хийх энэхүү тулаан зөвхөн хоёр тамирчны өрсөлдөөн бус, туршлага болон залуу эрч хүч, аваргын зан чанар болон шинэ үе гэсэн ширүүн өрсөлдөөн болно. Энэхүү тулаан нь долоодугаар сарын 31-ний өдөр болох хувиартай байна.





