MSports logo
Дэлхийн чансааны төлөөх өрсөлдөөн Улаанбаатарт болно
  • М
    Мөнхбаясгалан

    7 сарын 7

  • Дэлхийн чансааны төлөөх өрсөлдөөн Улаанбаатарт болно

    Монгол Улс энэ зун дэлхийн ширээний теннисний спортын анхаарлын төвд орох гэж байна. Учир нь Дэлхийн ширээний теннисний холбооны (WTT) албан ёсны дэлхийн чансааны оноо олгох WTT Feeder Ulaanbaatar 2026 тэмцээн Улаанбаатар хотноо зохион байгуулагдах юм. Энэхүү тэмцээн долоодугаар сарын 19-23-ны өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд болж, дэлхийн олон орны шилдэг болон ирээдүйтэй тамирчид нэгэн дээвэр дор хуран чуулах хуваарьтай байна.


    WTT Feeder ангиллын тэмцээн нь зөвхөн медалийн төлөөх өрсөлдөөнөөр хязгаарлагддаггүй. Тамирчид дэлхийн чансааны үнэт оноо цуглуулж, дараагийн өндөр зэрэглэлийн тэмцээнүүдэд оролцох эрхээ бататгахын төлөө ширүүн өрсөлддөг онцлогтой. Энэ удаагийн тэмцээн нийт 30 мянган ам.долларын шагналын сантай бөгөөд олон улсын хэмжээний өрсөлдөөнийг Монголын үзэгчид эх орондоо үзэх ховор боломжийг бүрдүүлж байна.

    Дэлхийн чансааны төлөөх өрсөлдөөн Улаанбаатарт болно

    Үүнээс өмнө, долоодугаар сарын 14-17-ны өдрүүдэд WTT Youth Contender Ulaanbaatar 2026 тэмцээн болох бөгөөд өсвөр үеийн шилдэг тамирчид өрсөлдөнө. Ингэснээр Улаанбаатар хот богино хугацаанд WTT-ийн дараалсан хоёр томоохон тэмцээнийг хүлээн авч, Азийн ширээний теннисний чухал төвүүдийн нэг болохоо дахин батлах гэж байна.


    Энэ нь Монголын ширээний теннисний спортын хөгжилд шинэ хуудас нээх үйл явдал гэж хэлж болно. Учир нь дотоодын тамирчид дэлхийн чансаатай өрсөлдөгчидтэй эх орондоо хүч сорих, олон улсын туршлага хуримтлуулах, цаашлаад дэлхийн тавцанд өрсөлдөх боломжоо нэмэгдүүлэх томоохон алхам болох юм. Мөн олон улсын шүүгч, дасгалжуулагч, баг тамирчдыг хүлээн авах нь зохион байгуулалтын туршлага, спортын аялал жуулчлалын хөгжилд ч эерэг нөлөө үзүүлэхээр байна.


    Тэмцээнд оролцох тамирчдын албан ёсны жагсаалт бүртгэл хаагдсаны дараа WTT-ээс нийтлэгдэх бөгөөд дэлхийн чансааны өндөр байрлалтай хэд хэдэн тамирчин Монголд ирэх хүлээлт спорт сонирхогчдын дунд хэдийнээ үүсээд байна.