Өмнөд Солонгосын шигшээ багийн ахлагч Сон Хён Мин тус улсын шилдэг эрэгтэй хөлбөмбөгчнөөр зургаа дахь удаагаа тодорлоо. Солонгосын Хөлбөмбөгийн Холбоо 12-р сарын 29-ний өдөр жил бүр зохион байгуулдаг KFA шагналын эздийг тодрууллаа. Сон Хён Мин нийт зургаа дахь жилдээ Оны шилдэг эрэгтэй тоглогчийн шагналыг хүртлээ. Тэрбээр өмнө нь 2013, 2014, 2017, 2019, 2020 онуудад энэхүү шагналыг хүртэж байжээ.
Тэрбээр 2021 онд шигшээ багийнхаа нэрийн өмнөөс долоон олон улсын тэмцээнд оролцохдоо дөрвөн гоол оруулсан. Клубын хэмжээнд Сон 2020-2021 оны улиралд Тоттенхэм Хотспурын төлөөх бүх тэмцээнд 22 гоол оруулж, карьерийнхаа дээд амжилтыг тогтоосон.
Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн холбооны мэдээлснээр 26 техникийн ажилтан, 52 хөлбөмбөгийн сэтгүүлч шагналын эздэд санал өгсөн бөгөөд KFA албан тушаалтнуудын санал хоёр дахин нэмэгдсэн байна. Сон нийлбэр дүнгээр 253 оноо авч, дэд байрт шалгарсан Фенербахче багийн төвийн хамгаалагч Ким Мин Жаегийн өмнө бичигдээ. Ази хөлбөмбөгчний амжилтыг Европт тахлаж байгаа Сон Хён Минийг 52 сэтгүүлчийн 47 нь дэмжсэн бол Ким KFA-гийн 26 албан тушаалтны 13-аас санал авчээ.
Мөн оны шилдэг эмэгтэй хөлбөмбөгчнөөр Жи Со Юн зургаа дахь удаагаа шилдэг тоглогчоор шалгарч, өөрийн дээд амжилтыг ахиуллаа. Тэрбээр мөн 2010, 2011, 2013, 2014, 2019 онуудад уг шагналыг хүртэж байжээ. Жи Челси клубын эмэгтэйчүүдийн багт Английн лиг, ФА цомын аварга, УЕФА эмэгтэйчүүдийн Аваргуудын лигт дэд байрт шалгарахад тусалсан юм.