Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн хоёрдугаар тойргийн тоглолтууд “UG Arena”-д үргэлжилсээр байна. Эхний тойрогт болон өнгөрсөн долоо хоногуудад долоо хоногт дөрвөн өдөр тоглолттой байсан бол энэ долоо хоногт долоо хоногийн таван өдөр тоглолтуудтай, шахуу хуваарьтай, сагсан бөмбөгөөр амьсгалсан өдрүүд өнгөрч байгаа билээ. Баг тамирчдын хувьд ч бэртэлтэй тоглогчид эхнээсээ талбайд гарч, хүйтний улиралд ханиад хүрсэн тамирчид эдгэрч эхэлсэн мэт хоёрдугаар тойргоос эхлэн баг, тамирчдын форм, багийн ирц хэвийн болж ирж байгаа гэж хэлж болно. Шинэ долоо хоногийн эхний тоглолтууд мягмар гарагт явагдлаа. Энэ өдрийн эхний тоглолт эмэгтэйчүүдийн лигийн хүрээд Улаанбаатар Амазонс, Шилүүснүүд багуудын хооронд болсон. Амазонсын охид 80-63-ийн харьцаатайгаар хожил байгуулж, улирлын 7 дахь хожлоо байгуулж, эмэгтэйчүүдийн лигийг тэргүүлж байна.
Мягмар гарагийн хоёрдахь тоглолт эрэгтэйчүүдийн үндэсний дээд лигийн өрсөлдөөний энэ өдрийн эхний тоглолт лигийн хүснэгтийн сүүл мушгиж байгаа Баянгол Харцага болон ШУТИС Шаркс багуудын хооронд болсон. Б.Мөнхбилэг, Т.Билгүүн, О.Баянбаатар, О.Хүдэрбат, Ц.Батзаяа тэргүүтэй тоглогчидтой Баянгол Харцага баг улиралд арван хожигдолд хүрсэн анхны баг болж, хүснэгтийн сүүл мушгиж, импорт буюу легионер тоглогчдоо сэлгэж Трой Бакстрер хэмээх төвийн тоглогчоо Хиллээр сольж, улирал эхэлснээс хойш туршлага хуримтлуулж, лигийн нэгэн өнгө төрх болон өрсөлдөж байгаа билээ. Мягмар гарагийн тоглолт Харцага багийн давамгайлал дор эхэлж, эхнээсээ дуустал тэд Шарксуудыг илүүрхснээр удтал хүлээсэн ээлжит хожлоо байгуулав. Энэ тоглолтонд Баянгол Харцага багийн легионер тоглогч Жаррон Крамп 28 оноо, 5 оновчтой дамжуулалт, 1 бөмбөг таслалт гүйцэттгэсэн амжилтаар тоглогчдийг тэргүүлсэн бол Оюунзулын Баянбаатар 20 оноо, Цэрмаагийн Батзаяа 13 оноо, Баттүвшиний Мөнхбилэг 11 оноо, Хилл 10 оноо Төмөртогтохын Билгүүн 9 оноогоор багтаа тус хүргэж, энэ улирлын хоёр дахь хожлыг байгууллаа. Харин легионер тоглогчгүй үндэсний дээд лигт өрсөлдөж байгаа цорын ганц баг болох М.Амаржаргал дасгалжуулагчтай ШУТИС Шаркс баг энэ өдөр 20 онооны зөрүүтэй хожигдлоо. Шарксаас Жаргалсайханы Жамсрандорж багаа манлайлж 21 оноо, 3 оновчтой дамжуулалт, 1 бөмбөг таслалт гүйцэтгэсэн бол Пүрэвсүрэнгийн Мөнх-оргил 16 оноо, Бат-Өлзийгийн Даш-Очир 11 оноо, Ууганбаярын Чингүүн, Жигдэнгийн Оргилболд нар тус бүр 10 оноогоор багтаа тус хүргэсэн хожил байгуулахад хангалттай байж чадсангүй.
Мягмар гарагийн сүүлийн тоглолт “IHC Apes” болон “Архангай Алтан Дорнодын Дайчид” багуудын хооронд өрнөсөн. “IHC Apes” багийн хувьд энэ улирлыг тун сайн эхлүүлж, Эрдэнэтийн Уурхайчид багтай энэ зэрэгцэн нэг хожигдолгүй дардан эхэлсэн ч шинэ жилийн “Special” тоглолтонд Уурхайчид багт ялагдал хүлээснээс хойш дараалан 4 хожигдол амсч, хүснэгтийн жагсаалтанд тэргүүлэгчдийн байр суурьнаас ганхаж эхлээд байсан. Харин мягмар гарагийн тоглолтонд “Apes”-чүүд сэргэж Даррел Саммерс 23 оноогоор багаа тэргүүлж, Мягмарсүрэнгийн Өлзий-Орших 20 оноо, Цогбаатарын Сэргэлэнбаатар 13 оноо, Энхтайваны Цэрэнбаатар, Нямдоржын Ганбаатар нар тус бүр 8 оноо, Гантулгийн Цэлмэг, Цогбаатарын Сэргэлэнбаатар, Пүрэвжавын Болортулга, Батаагийн Тулуй нар тус бүр 4 оноо авч багаараа жигд сайн тоглолтыг үзүүлж, 95-76-ийн харьцаатайгаар IHC Apes баг улирлын 7 дахь хожлоо авсан юм. Харин Архангай Алтан Дорнодын Дайчид багаас Энтони Харрис 32 оноогоор багаа тэргүүлж, Чулуунбаатарын Ихбаяр 11 оноо, Мөнхсайхын Цэвээндорж 10 оноо, Э.Дөлгөөн, Х.Мөнхтөр нар тус бүр 6 оноогоор багтаа тус хүргэсэн ч хожил байгуулж чадсангүй. Энэ нь Дайчидийн 6 дахь хожигдол боллоо.
Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн хүснэгтийг одоогийн байдлаар Эрдэнэтийн Уурхайчид 11 хожил, нэг хожигдолгүйгээр тэргүүлж, 2-р байрт IHC Apes баг 7-4, гуравт Тэнүүн Өлзий Металл, 6-4, Хасын Хүлэгүүд 6-5, Завхан Brothers 5-6, Налайх Бизон 5-6 гэсэн амжилтаар эхний байруудад эрэмблэгдэж байна.
Н.Бэлгүүн