2021 оны намар зодог тайлсан ёкозүна Хакүхо их аваргын албан ёсны зодог тайлах ёслол нэгдүгээр сарын 28-ны өдөр Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд боллоо. Энэ үеэр "Хакүхогийн зодог тайлсан Миягиногийн өв залгамжлалын их сүмогийн тэмцээн"-ийг зохион байгууллаа. Зодог тайлах ёслолын дараа Хакүхо гэр бүлээсээ цэцгийн баглааг авч, түүний гэргий болон хүүхдүүд нь хүндэтгэл үзүүлсэн юм. Үүний дараа түүний 3 дахь охин Маюха аавдаа зорилуж, чин сэтгэлийн захидлаа уншжээ. Маюу "Аав аа, идэвхтэй амьдралынхаа төлөө зүтгэж байгаад тань баярлалаа. Аавынхаа хамгийн сүүлд сумо барилдаж байсныг тод санаж байна. Тэр үед аав минь хамгийн мундаг нь байсан. Миний аав бусдаас илүү гэрэлтдэг" гэж талархлын захидлаа уншин өгчээ. Их аварга Хакүхогийн 3 дахь охин өдгөө 6 настай бөгөөд охины уншсан захидалд аав, ээж нь төдийгүй ордонд цугласан олон нулимас дуслуулан, догдлон сонссон байна. Хакүхо их аваргын охин үргэлжлүүлэн хэлэхдээ “Одоо миний урд зогсож байгаа аав минь толгойн оройн зангилаа байхгүй болохоор жаахан хачирхалтай байгаа ч та өмнөхөөсөө илүү эелдэг харагдаж байна. Толгойн зангилаанаас тань болж би өмнө нь толгойд тань хүрч чадахгүй байсан ч одоо танд байхгүй болсон тул миний толгойг илдэг шиг, би таныхаа толгойг ч илэх болно. Энэ дэлхий дээрх хамгийн янзтай, хамгийн эелдэг аав байгаараа гэж би танаас хүсье. Тандаа би энэ дэлхий дээрх бүх хүнээс хамгийн их хайртай” гэж хэлсэн байна.
Японы мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд 45 удаа түрүүлэн дээд амжилт тогтоосон Их Аварга Хакүхогийн зодог тайлах ёслолд Монгол, Японы олон нэр хүндтэй эрхмүүд оролцсон юм. Мөнхбатын Даваажаргал нь 2001 оны 3-р сард сүмо бөхийн анхны гараагаа эхлүүлж, 2004 оны 5-р сард макүүчи дээд зиндаанд хүрч, 2007 оны 5-р сард 22 настайдаа Монголын хоёр дахь ёкозүна болж байсан. Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо 1187 даваа авсан зэрэг олон түүхэн дээд амжилтын эзэн юм. Тэрбээр өнгөрсөн оны долоодугаар сард Миягино дэвжээний багш болсон билээ. Ёслолын дараа дохёндоо мөргөсөн Хакүхо, “Миний бие ёкозүна, озэки нарыг өөрийн чадлын хэрээр аль болох богино хугацаанд төрүүлж, дохёндоо багшийн хувиар эргэн ирэхээ амласан. Миний хувьд энэ нь дэвжээндээ хүндэтгэл үзүүлж буй хэрэг юм” хэмээн ярьжээ.