MSports logo
Талбайн теннисний тамирчин Ч.Маралгоо Америкт 100% тэтгэлэгтэй суралцахаар боллоо
  • Ө
    Өсөхбаяр

    11 сарын 22

  • Талбайн теннисний тамирчин Ч.Маралгоо Америкт 100% тэтгэлэгтэй суралцахаар боллоо
    quote

    Ч.Маралгоо : Монголд талбайн теннисний зориулалтын талбай хомс учраас цаашид өрсөлдөөн ихтэй Америкийн их сургуульд суралцахыг хүссэн. Аав, ээж маань 100 хувийн тэтгэлэг авсныг мэдээд сурсан зүйлийн үр дүн одоо л гарч байна гэж маш их баярласан

    Ч.Маралгоог 7 настайгаас нь аав, ээж нь талбайн теннисээр хичээллүүлж эхэлжээ. Тэрбээр өдгөө Hawaii Sport Center-т бэлтгэлээ базаадаг байна. Түүнийг талбайн теннисээр хичээллэхэд гэр бүлийнхэн нь хамгийн их дэмжлэг үзүүлдэг бөгөөд түүний төрсөн дүү энэ спортоор хичээллэдэг. Монголчуудын дунд талбайн теннисний эгч, дүү хоёр гэдгээрээ танигдах болсон Ч.Маралгоо Монголоос анх удаа энэ спортоор АНУ-ын коллежид тэтгэлэгтэй суралцахаар болоод байгаа юм. Ч.Маралгоогийн аав өөрийн хүүхдүүдээ талбайн теннисээр хичээллүүлж, улмаар өөрөө багш дасгалжуулагч болжээ. Охидуудаа дэмжээд зогсохгүй бүхий л цагаа тэдний ур чадварыг сайжруулахад зориулж, тамирчин хүүхдүүдтэйгээ тулж ажилладаг гэнэ. Ч.Маралгоогийн ээж нь тэтгэвэртээ гараад хүүхдүүдийнхээ болон нөхрийнхөө бэлтгэлийн ар тал болж, хоол, эрүүл ахуй талыг нь хариуцдаг. Нэг ёсондоо тэдний гэр бүл бүгд талбайн теннисний ертөнцөд амьдралаа зориулж иржээ. Тэрбээр 09/17-нд 18 нас хүрсэн байна.

    Талбайн теннисний тамирчин Ч.Маралгоо Америкт 100% тэтгэлэгтэй суралцахаар боллоо

    Бид АНУ-д суралцах гэж буй Ч.Маралгоотой холбогдож ярилцсан юм. Спортын ертөнцөд нэгэн шинэ түүхийг бүтээж буй Ч.Маралгоогийн ярилцлагыг хүргэж байна.

     

    -АНУ-д суралцах болсон тухайгаа. Сургуультайгаа анх яаж холбогдсон бэ? 100% тэтгэлэг авснаа мэдээд яаж хүлээж авсан бэ?

    Анх багштайгаа ярилцаад Монголд бэлтгэл хийхэд хэцүү байна. Талбай байхгүй, тэмцээн байхгүй байна гэж ярилцсан. Гадаад явъя гэхээр мөнгө байхгүй болохоор их сургуульд гадагшаа явбал илүү боломжтой гэж хэлсэн. Мөн Америк улсад их сургууль нь өрсөлдөөнтэй байдаг учир тийшээ явах талаар бодсон. Тэгээд NCAA-д бүртгүүлсэн. Тэгсэн чинь маргааш өглөө нь “Hi Маралгоо. Манайх ийм сургууль. Чи коллежид теннис тоглохыг хүсч байна уу” гэсэн мессеж ирсэн. Би хариуд нь сурахыг хүсч байна гэдгээ илэрхийлж, “whatsup”-аар холбогдоод шууд ярьсан. Надад 100 хувийн scholarship тэтгэлэг өгч байна гэдгийг мэдээд үнэхээр их баярласан. NCAA-д бүртгүүлсний дараа өөр олон сургууль холбогдоно гэж бодоогүй. Бүртгүүлсний дараа ахиад ч дөрөв, таван их, дээд сургуулиуд холбогдсон. Тэр дундаас Канзасын их сургуулийг сонгосон.

    -Аав, ээж нь Америкийн тэтгэлэгийн тухай яаж хүлээж авсан бэ?

    Аав, ээж хоёр маань 100 хувийн тэтгэлэг юмуу? Сурсан зүйлийнхээ үр дүнг одоо л гаргаж байна гэж маш их баярласан. 

    - Талбайн теннисний спортын юунд хамгийн их татагдах болсон бэ?

    Энэ спорт нь тоглох үед өөрийн эрхгүй сайхан мэдрэмжийг дотроос төрүүлдэг. Эрч хүч мэдрэгдэж, сэтгэл санаа тайван болгодог. Талбайн хоёр талаас нэлээн том талбайд тоглодог болохоор бүх булчин шөрмөсийг ажиллуулж мөн сэтгэлзүй их шаарддаг нь надад таалагдаж хичээллэдэг болсон.

    -Оролцож байсан тэмцээн уралдаануудынхаа тухай?

    Оролцож байсан том тэмцээн уралдаан гэвэл би Бангладешд болсон 6000 долларын шагналын сантай тэмцээнд оролцож, түрүүлээд 6000 ам.доллар хожиж байсан. Улсын өсвөрийн зургаан удаагийн аварга, насанд хүрэгчдийн хоёр удаагийн аварга. Мөн 14 настайдаа Азид ранкаараа 2-т бичигдэж байсан. Одоо дүүгийнхээ хамт БНХАУ, Непал, БНСУ зэрэг олон улсуудад амжилттай тэмцээнд оролцож байгаа.

    -Энэ жил хэдэн настай вэ? 10 жилийн аль сургуульд суралцсан бэ?

    Би намар 09/17-нд 18 нас хүрсэн. Эрдмийн Өргөө Цогцолбор сургуулийн 2022-23 оны төгсөлт.

    -Канзасын их сургуулийнхаа талаар?

    Миний суралцахаар болсон “Kansas State University” гээд Канзас мужийн Манхаттан хотод байдаг. Теннисээрээ бол муждаа нэгт ордог сургууль. Энэ сургуулиасаа 100 хувийн тэтгэлэг авсан. Одоо 1-р сарын 3 гэхэд Америкт очоод их сургуульдаа суралцаж эхэлнэ. 

    -Гадаадаас хүндэлж явдаг тоглогч хэн бэ?

    Серена Уильямс.

    - Дасгалжуулагч багшийнхаа тухай?

    Ер нь бол олон багштай. Гэхдээ одоогоор Ан багш болон аав хоёр бэлтгэл ордог.

    -Бэлтгэлээ долоо хоногт хэдэн удаа ямар системээр хийдэг вэ?

    Бэлтгэлээ долоо хоногт 6 өдөр хийдэг. Нэг өдөрт 3 цагийн бэлтгэл хийдэг. Долоо хоногт 3 удаад нь фитнесс бэлтгэл хийдэг.  

    -Цаашдын зорилго нь

    Цаашид их сургуульдаа сайн суралцаж, сайн тоглох. Их сургуульдаа чансаагаараа дээгүүрт бичигдэхийг хүсч байна. Цаашлаад про мэргэжлийн тамирчин болох хүсэлтэй.

    Ийнхүү Монгол улсын спортын түүхэнд тэр дундаа талбайн теннисний спортоор Чогсомжавын Маралгоо шинэ түүх, шинэ жимийг Нэгдсэн улсад гаргахаар боллоо. Цаашдын хичээл сурлага, бэлтгэл, тэмцээнд нь Монголчуудынхаа өмнөөс амжилт хүсье.

    Талбайн теннисний тамирчин Ч.Маралгоо Америкт 100% тэтгэлэгтэй суралцахаар боллоо
    Талбайн теннисний тамирчин Ч.Маралгоо Америкт 100% тэтгэлэгтэй суралцахаар боллоо